Сүүлийн хоёр хоногт коронавирусний 14 тохиолдол илрэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн хоёр өдөр буюу энэ сарын 9, 10-нд нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийхэд 14 хүнд коронавирус илэрчээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэхдээ, “ХӨСҮТ-д
одоогоор коронавируст халдвартай 61 хүн эмчлүүлж байна. ОХУ-ын дөрвөн иргэн хил
дээрээс буцсан. Гэхдээ Монголд оношлогдсон учраас манай улсын батлагдсан
тохиолдлын тоонд бүртгэгдэж байгаа. Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал
24 хүнийг яаралтай тогтоож, ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Шинжилгээний хариу удахгүй
гарна” хэмээв.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 382 болжээ. Үүнээс 317 хүн эдгэрсэн бол 61 хүн эмчлүүлж байна.
ХӨСҮТ-д нийт 165 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтад байгаа
аж.
Сүүлийн хоёр өдрийн шинжилгээний хариуг задалж танилцуулбал,
“Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр жолоочийн
шинжилгээнд халдвар илэрчээ. Нэг нь Беларусийн иргэн, ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж
байгаа бол нөгөө нь ОХУ-ын иргэн өөрийн болон тус улсын албаныхантай зөвшилцөж,
нутагтаа эмчилгээ хийлгэхээр буцсан байна. Арваннэгдүгээр сарын 8-нд
Алматы-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүн, 10 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын
нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээ, 10 дугаар сарын 20-нд
Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдаж байсан дөрвөн хүний давтан
шинжилгээ, 10 дугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдаж
байсан нэг хүний давтан шинжилгээ, халдвар илэрсэн сувилагчтай хамт
ажиллаж байсан хүний хоёр дахь шинжилгээ, хоёр хүний хяналтын шинжилгээнд тус
тус халдвар илэрчээ.