А.Амбасэлмаа: Өнөөг хүртэл Энхсаран сувиллаас халдварын 45 тохиолдол илэрсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-11-16 12:42:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны өнөөдрийн 11 цагийн мэдээллийн үеэр сэтгүүлчдийн хөндсөн асуултад тус яамны эмч мэргэжилтнүүд хариулт өгсөн юм.


-Тэсо группийн түгээгч болон эхнэрийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэл сошиалаар гараад байна. “COVID-19” халдвар мал амьтнаар дамждаг гэсэн мэдээлэл байгаа энэ талаар хариулт өгнө үү. Мөн халдвар авсан хүүхэд болон настай хүн хэд байна вэ?


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Тэсо группийн ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарсан. “COVID-19” халдвар мал, амьтнаар дамжин халдварлах тохиолдол олон улсын хэмжээнд 10 хүрэхгүй тохиолдол л байгаа. Гэхдээ сэрэмжлэх нь чухал. Өнөөдөр халдвартай байгаа хүмүүсээс 1 настай нэг, 10-13 настай 2 хүүхэд байна. Харин 74 настай хүний бие хүнд байсан ч өнөөдрөөс биеийн байдал тогтворжиж байгаа гэв.


-Халдвар авсан  эмч, сувилагчийн 7 тохиолдол гарлаа. Цаашдаа эмч, сувилагчдаа бэлтгэж сургах болон халдварын бүсэд ажиллах бэлтгэл нөөц, судалгаа тооцоо гаргасан уу?


-Энэ халдвар авсан 7 эмч, мэргэжилтэн, сувилагчид манай бэлтгэгдсэн 2 багаас илэрсэн. Бид “COVID-19” халдварын бүсэд ажиллах 15-16 баг бүрэлдэхүүнийг бэлтгэж сургалтад хамруулж, мэргэшүүлээд байна. Мөн нөхцөл байдлаас хамаарч хэрхэн ажиллах тооцоо, судалгаа, төлөвлөгөөг гаргасан байгаа.


-Харин Энхсаран сувиллын газар анх хэзээ халдвар гарсан талаар сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулахдаа:

-Энхсаранд анх 2020 оны 11 дүгээр сарын 7-нд 24 хүнд халдварын тохиолдол илэрсэн. Тэгээд 61 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өнөөг хүртэл 45 халдварын тохиолдол илрээд байгаа. Тус сувиллаас тээврийн 6 жолоочийг олж тогтоон тусгаарлалтад авч шинжилгээнд хамруулсан. Тэдний 3 нь хотынх, Өмнөговийн нэг, Орхоны нэг, Сэлэнгийн 1 хүн байсан бөгөөд тэдний шинжилгээний хариу сөрөг буюу илрээгүй.


Өнөөдрийн байдлаар “COVID-19” халдвар тээгч жолоочийн ойрын хавьталтай 288 хүний шинжилгээ сөрөг гарсан, тэднийг тусгаарлан тандалтын байдалд байлгаж байна. Харин 2 дугаар хавьтлын хүмүүс  болох 5000 гаруй хүнийг гэрт нь хатуу хяналтад байлгаж байгаа гэлээ.   

Связанные новости