А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт төмөр зам дагасан коронавирусний голомтот халдвар үүсэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт төмөр зам дагасан коронавирусний голомтот халдвар үүссэн хэмээн үзэж буйгаа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа УОК-ын шуурхай штабын өнөөдрийн ээлжит хурлын шийдвэрийг олон нийтэд танилцуулахдаа мэдээлэв.
Энэ сарын 10-наас хойш Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотод энэ сарын 10-нд дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд түүний ойрын хавьтлын 445 хүнийг илрүүлж, 100 хувь шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс хоёр дахь шинжилгээнд 100, гурав дахь шинжилгээнд 36 хүнийг хамруулснаар анхны тохиолдолтой төрөл садны холбоотой 9 хүнээс вирус илэрчээ. Харин дам хавьтын 5650 хүнийг шинжилгээнд хамруулж дуусаж байгаа бөгөөд коронавирус илрээгүй гэдгийг А.Амбасэлмаа дурдсан юм.
Тэрбээр, “Сэлэнгэ аймагт халдварын голомт гарсан бөгөөд нийт 4 хүн коронавирусээр халдварласан. ОХУ болон Европын орнуудад өвчлөл эрс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас ирж буй ачаа тээврийн жолооч нараас халдвар илрэх нь нэмэгдэж буй юм. Коронавирус нь агаар дуслын замаар мөн хатуу биетээс хүнд дамждаг байна. Иймд төмөр зам дагасан халдварын шинэ голомт үүсэж байна хэмээн үзэж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймагт илэрсэн голомтот халдварын ойрын хавьтлын 200 гаруй хүнээс шинжилгээ авч буй юм. Мөн төмөр замаа дагаж, Дархан-Уул аймагт коронавирусний 1 тохиолдол илэрсэн” гэлээ.
Тиймээс УОК, Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын бүх хүн амыг коронавирусний шинжилгээнд хамруулахаар төлөвлөн ажлаа эхлүүлсэн байна.