Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын тээвэрлэлт, боловсруулалтын байдлыг шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-11-18 14:47:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр аж ахуй нэгжид энэ сарын 15-16-нд төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн байна.


“Элемент медикал” ХХК  нийт 1119 эмнэлэг, 267 эм хангамжийн байгууллага, харин “Элемент” ХХК  679 эмнэлэг, 80 эм хангамжийн байгууллагатай хийсэн гэрээний дагуу халдвартай, хурц үзүүртэй иртэй, эмийн болон эмгэг хог хаягдлыг хүлээн авч устгадаг байна.


Бүх ажилчид эрүүл ахуй, халдвар хамгааллын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан,  гэрчилгээтэй байсан байна. Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, үзлэг шинжилгээ, дархлаажуулалтад хамруулсан, хувийн хамгаалах хувцас хэрэгслээр хангагдсан байжээ.


Гэхдээ хоёр компанийн ажилчдын хамгаалалтын хувцас тайлах хэсэгт халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл байгааг анхаарууллаа. Халдваргүйтгэлийн бодисын зааврын дагуу хэрэглэх, тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийг тогтмол хийх,   халдваргүйтгэх автоклавын  эвдрэл гэмтлээс сэргийлэх, үйл ажиллагаа нь доголдохоос сэргийлж байнгын засвар үйлчилгээ хийхийг зөвлөлөө. Мөн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг засуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.



Связанные новости