Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол 518 болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлаар манай улсад коронавирусний 505 тохиолдол батлагдсан тухай мэдээлсэн. Тэгвэл 17.00 цагийн байдлаар нийт 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрчээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улсын хэмжээнд Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэ аймагт 41, Орхон аймагт 13 аймагт 1, Дорноговь аймагт 1, Говьсүмбэр аймагт нэг, УБТЗ-ын харьяаллын 4, Улаанбаатар хотод 14, нийт үүсээд буй халдварын голомтод 85 тохиолдол бүртгэгдлээ” гэв.
Ингэснээр, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 518 бүртгэгдэж байна. Үүнээс 335 нь эдгэрсэн юм.
ХӨСҮТ-д коронавируст халдварын улмаас 176 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүнд, 35 хүн хүндэвтэр, 140 хөнгөн байна. Одоогоор 185 хүн ажиглалт, тандалтад байгаа аж. Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.