Богдын голын Мөсөн хүрхрээ чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-08 16:50:47
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг шинэ оны өмнөхөн иргэдийн бөөгнөрлийн хэд хэдэн тохиолдол ихэссэнтэй холбоотой хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргасан тухай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв. 

-“Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй хэд хэдэн арга хэмжээ, шийдвэрийг хэлэлцлээ. Энэ хурлаар Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа танилцуулж гишүүд хэлэлцлээ. 

Улсын Онцгой комиссын албан даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хариуцлага тооцох. Ахмад настан, хүүхэд, архаг хууч өвчтэй иргэн зэрэг зорилтот бүлгийн хүн амын судалгааг нарийвчлан гаргаж тэдгээрийн хөдөлгөөнийг хязгаарлах. Аймгийн хэмжээний хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл, нүүрсний татан авалтад зохицуулалт хийх. Аймаг руу орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг сайжруулж чангатгах, цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх. “Амны хаалтаа зүүж, гараа угааж, зайгаа барья” аяныг зохион байгуулах. Үйлчилгээний газрууд сэжигтэй тохиолдол илэрсэн үед тусгаарлах өрөө /хэсэг/ бэлтгэж хяналт тавих зэрэг ажлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Төлөвлөгөөнд гишүүдийн саналыг тусган боловсруулж аймгийн Онцгой комиссын даргаар батлуулахаар шийдвэрлэв. Батлагдсан төлөвлөгөөг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар боллоо”.

 

Хоёр сумын хяналтын постыг нэмж ажиллуулахаар болов

-“Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд найман постод нийт 18 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Улаанбаатар хот болон бусад аймгаас 10 тээврийн хэрэгслээр 31 иргэн ирсэн бол Завхан аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу 12 тээврийн хэрэгсэлтэй 20 иргэн зорчжээ. Их-Уул сумын хяналтын постыг чангатгах, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс албан хаагчдыг томилгоожуулан үүрэг гүйцэтгүүлэхээр боллоо. Түүнчлэн Тэлмэн, Нөмрөг сумын хяналтын постыг ажиллуулах. Аймгийн төвд сумаас ирж буй тээврийн хэрэгсэл, зорчигчийн бүртгэл, мэдээллийг хөтлөхөөр шийдвэрлэв”.

 Улиастай сумын иргэд эмнэлзүйн шинжилгээг баг бүр дээрээ өгнө

-“Завхан аймагт 2020 онд нийт 672 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн бол 279 иргэнд тандалтын судалгаа хийжээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хамар залгиурын шинжилгээ авахад сургаж, комбинзон буюу хамгаалалтын хувцастай үед тасралтгүй найман цаг ажиллах дасгал сургууль хийж байна. Аймгийн төв, Улиастай сумын иргэд эмнэлзүйн шинжилгээ буюу цус, шээс, биохимийн шинжилгээг тухайн багийн цэцэрлэг, сургуулийн байранд өгөх. Төрийн албан хаагчид гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх талаар аймгийн Засаг даргын захирамжийг тус тус гаргахаар боллоо.

Зах худалдааны төвүүдийн үйлчилгээг нэг урсгалтай болгоно

-“Тус аймагт архи согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх шийдвэрийг өнгөрсөн жилийн 12 дугаар сард гаргасан байсан.

Харин энэ удаагийн хурлаар архи, согтууруулах ундааг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худалдан борлуулахыг зөвшөөрөх шийдвэрийг гаргалаа.

Гэхдээ баар, зоогийн газрууд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй. Мөн шинэ оны өмнөхөн иргэдийн бөөгнөрлийн хэд хэдэн тохиолдол ихэссэнтэй холбоотой хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Тухайлбал Богдын голын усан цахилгаан станцын мөсөн хүрхрээ чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, пост гаргаж, мөсөн хүрхрээний ойр орчимд байнгын харуул, хамгаалалт ажиллуулахаар боллоо. Харин зах худалдааны төвүүдийн урсгалыг нэг болгох, нэгэн зэрэг олон хүнд үйлчлэхгүй байх зэрэг үүрэг чиглэлийг энэ удаагийн хурлаар холбогдох байгууллагуудад нь өглөө” гэж аймгийн ЗДТГ, Шуурхай штабаас тус тус мэдээлэв. 

Связанные новости