Өвс тэжээлийн үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-20 10:31:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт өвс тэжээлийн үнэ өмнөх онтой харьцуулахад эрс нэмэгджээ.


Тус аймагт 2020 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3 сая 310.8 мянган толгой мал өвөлжиж байна. Одоогоор нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндхэн байгаа ажээ. Улаанбаатар хот болон Ховд, Баян-Өлгий, Увс аймгаас малын өвс тэжээлийг Говь-Алтай аймагт тээвэрлэн ирж байгаа учир өмнөх жилтэй харьцуулахад өртөг өндөртэй малчдын гарт хүрч байна.

Тодруулбал, хорголжин тэжээл 40 кг нь 48.000 төгрөг, хивэг 25 кг нь 23.000-25.000 төгрөг, өвс 11.000-15.000 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жил 12.000 төгрөгөөр худалдаж байсан өвс, хивэгний үнэ ийнхүү хоёр дахин өсөөд байна. 

Говь-Алтай аймагт зуншлага тааруу, ногооны гарц муу байсантай холбоотойгоор өвөлжилт ийнхүү хүндэрчээ. Үүнтэй холбоотойгоор зарим сумын малчид төв суурин газар малаа тэжээж байгаа нь эдийн засагт нь ихээхэн хүндрэл дагуулж байгаа талаар ярьж байлаа. Цааш нь хэлэхдээ: “Төр засаг болон олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудаас малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлж байгаа ч төв суурин газар малаа тэжээж буй малчдад тусламж дэмжлэг хүрэхгүй байгаад сэтгэл дундуур байна” хэмээн тулгамдаж буй нөхцөл байдлын талаар ярьж байсан юм.


Связанные новости