Л.Гантөмөр: Нарийн мэргэжлийн эмчээр ажилласнаасаа хойш 6000 орчим хагалгаанд гар бие оролцсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-17 18:59:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хүний гавьяат эмч хэмээх эрхэм цолоор шагнуулсан Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Лхамжавын Гантөмөртэй ажил үйлсийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр өдгөө Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа билээ.


-Юуны өмнө Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсонд баяр хүргэе. Эмчийн мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Хэн нэгэн нөлөөлөв үү, эсвэл өөрийн сонирхлоо дагасан уу?

-Баярлалаа. Би 1966 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. 1984 онд 10 жилийн хоёрдугаар сургуулийг төгсөөд Анагаах ухааны дээд сургуульд элсэн суралцсан. 10 дугаар ангиа төгсөөд гадаад оронд биеийн тамирын сургуульд явах сонирхолтой байсан ч тухайн үед тус ангийн хуваарь ирээгүй. Тэгээд л анагаахын сургуульд орсон. Эмч дотроо гэмтлийн эмч болсон маань их учиртай. 1986 онд намайг хоёрдугаар курст байхад том ах маань авто осолд орж харамсалтайгаар нас барсан юм. Тэр үед  Дэлгэр суманд ногоон онгоц бууж, аймгийн эмнэлэгт хүргэгдэн Улаанбаатар хотоос гэмтлийн эмч ирж хагалгаа хийж байлаа. Ослын нөхцөл байдал, ахыгаа ямар байдалтай байгааг ээжтэй хамт нүдээрээ харсан болохоор эргэлт буцалтгүй энэ мэргэжлээ сонгосон доо. Мэргэжлээрээ бахархаж явдаг. Үхэр жилийн босгон дээр Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх эрхэм цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Надад илүү их үүрэг, хариуцлага, ачаа нэмэгдэж байна гэж ойлгож байгаа. 


-Эрүүл мэндийн салбарт хэддэх жилдээ ажиллаж байна. Ажлынхаа гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Ажлын гараагаа 1989 онд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт туслах эмчээр эхэлж байлаа. 1990 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд өөрийн хүсэлтээр Бугат сумандаа хүний их эмчээр ажиллаж байгаад аймгийн төвд шилжин ирсэн. Анхны дуудлага тархинд цус харвасан өвчтөн таарч байлаа. Тухайн үед хамтран ажиллаж байсан эмчтэйгээ хамт нугасны ус аван оношоо тогтоон, гэрт нь амарч байсан оюутан М.Банзаагааяа /одоо АШУҮИС-ийн Говь-Алтай  аймаг дахь салбарын захирал/ -тай хамт эмчилгээ хийж, хэд хоноод сумын эмнэлэгт хүргэн ирж эмчилж байсан маань санаанаас ер гардаггүй юм. Үүний дараа аймгийн Нэгдсэн эмнэлэг, Шүүх эмнэлэг, эмгэг анатомийн эмчээр богино хугацаанд ажиллаж байгаад 1991 онд Улаанбаатар хотод Анагаах ухааны дээд сургуулийн дотрын гуравдугаар тэнхимд багшаар хуваарилагдсан. Тэр ондоо мөн л өөрийн хүсэлтээр багшийн ажлаа өгч Гэмтэл согогийн мэс засалч хэмээх хариуцлагатай мэргэжлийнхээ эзэн нь болохоор ГССҮТ-д 1995 он хүртэл гэмтлийн мэс засалч эмчээр ажилласан. 1996 оноос өдгөө хүртэл төрсөн нутагтаа гэмтлийн эмчээр дагнан ажиллаж байна даа. 


-Таныг 20 гаруй жил аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт гэмтэл согогийн мэс заслын эмчийн ажлыг ганцаараа үүрч явсан гэлцдэг. Өнгөрсөн хугацаанд хүндрэл бэрхшээл, шантрах үе тохиолдож байв уу?

-Тухайн үед яг энэ мэргэжлийн хуваарь, орон тоо ховорхон байдаг байсан. Би 1992 онд гэмтлийн нарийн мэргэжлийг эзэмшсэн. 1992-1995 онд ГССҮТ-д хамтран ажиллаж байхдаа эмч нараас их зүйл сурсан маань хөдөө орон нутагт ирж ажиллахад их дөхөмтэй байсан. ГССҮТ-д  ажиллаж байсан болохоор хүндрэл бэрхшээл харьцангуй бага, ажлын ачаалал даах чадвартай болсон байсан юм. Ер нь хүний амьтай холбоотой хариуцлагатай ажил эрхэлдэг учир шантрах эрх эмч бидэнд байхгүй шүү дээ. Хүний толгойноос хөл хүртэлх бүх эрхтний хагалгаа, мэс ажилбарт оролцдог. Тасгийнхаа баг бүрэлдэхүүн болон эмнэлгийнхээ эрүү нүүр-шүд, чих хамар хоолой, эрчимт эмчилгээ, сэхээний эмч нартай хамтран бүхий л хагалгааг өөрийнхөө түвшинд амжилттай хийж байна. Өнгөрсөн хугацаанд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн, үр шимийг нь ч хүртэж байгаа. Нарийн мэргэжлийн эмчээр ажилласнаасаа хойш 6000 орчим хагалгаанд гар бие оролцсон байна. 


-Өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг гэмтлийн бие даасан тасагтай болсон. Сүүлийн үед ихэвчлэн ямар гэмтлийн өвчлөлтэй хүмүүс танай тасагт хандаж байна? 

-Мэс заслын тасгийн харьяанд гэмтлийн өвчлөлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаад 2012 оноос амбулаторийн тасагт тусдаа кабинеттэй болж нарийн мэргэжлийн хоёр эмч тасаг, кабинетээ хариуцан ажилладаг болсон. 2020 онд 10 ажилтан, 16 ортой Гэмтлийн тусламж үйлчилгээг хоёрдугаар шатанд үзүүлэх бие даасан тасаг болон өргөжсөн. 

Орон нутагт ирж ажилласнаас хойш хоёрдугаар шатлалд хийдэг бүхий л хагалгааг хийхийг зорьсон. Зорилго маань ч биелсэн. Гэмтлийн өвчлөл бол яаралтай цаг алдалгүй эрүүл мэндийн тусламж үзүүлэх ёстой байдаг. Сүүлийн үед хотжилтой холбоотойгоор авто тээврийн осол, төрөл бүрийн уналтаас шалтгаалсан гавал тархи, тулгуур эрхтний гэмтэл мөн хүчирхийллээс шалтгаалсан гэмтэл, бага насны хүүхдийн түлэгдэлттэй өвчлөл ихэсч байна. 2016 оноос хойш түлэгдэлттэй тэмцэн зөвлөмж , сургалт сурталчилгаа хийсний үр дүнд Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн нас баралт гараагүй. 


-Улсын томоохон эмнэлгүүдэд хийдэг хүнд хагалгаануудыг орон нутагтаа хийдэг болсон. Нэгдсэн эмнэлэгт хийж байгаа томоохон хагалгаануудаас  дурдвал?

-Манай тасгийн хамт олон гуравдугаар шатлалд хийж байгаа оношилгоо эмчилгээг аль болох богино хугацаанд сурч, орон нутагт нутагшуулахын төлөө тууштай ажилладаг. Хүн бүрт мэс заслыг хийх үе, нас хүйс цаг хугацаа гэх мэт нарийн заалт байдаг. Үүнийг бид ажлынхаа гол үндэс болгодог. 2012 оноос эхэлж ГССҮТ-д хий,0ж байгаа чөмөгт ясны голоор хадах, ялтаст шрүфээр бэхлэх мэс заслуудыг анх хийж эхэлсэн. 2015 оноос нарийн мэргэжлийн гавал тархи, нуруу нугасны болон хэвлийн хөндийн нөхөн сэргээх хагалгаануудыг амжилттай хийж байна.


-Зөвлөх эмчийн хувьд гэмтлийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байгаа байх?

-1990 оны эхээр манай эмнэлгийн мэс заслын эмч гэмтлийн нарийн мэргэжлийг хамтад нь гүйцэтгэдэг байсан. Намайг томилогдож ирэхээс өмнө н.Доржготов эмч ганцаараа гэмтлийн нарийн мэргэжлийн эмч байсан. Бие даасан кабинет, тасаг ч байгаагүй. Мэс заслын тасгийн харьяанд гэмтлийн өвчлөлийн эмчилгээ үйлчилгээг хийдэг байлаа. 2012 оноос амбулаторийн тасагт тусдаа кабинеттэй болж нарийн мэргэжлийн хоёр эмч тасаг, кабинетээ хариуцан ажилладаг болсон. 2020 онд 10 ажилтан, 16 ортой гэмтлийн тусламж үйлчилгээг хоёрдугаар шатанд үзүүлэх бие даасан тасаг болон өргөжсөн. Одоогоор нарийн мэргэжлийн мэргэшсэн гурван эмч, мэргэшсэн долоон сувилагч манай тасагт ажиллаж байгаа. 

Манай аймгийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчин залуужсан мөн боловсон хүчний нөөцтэй, чадварлаг, материаллаг баазтай болж өргөжиж байна. Үүний зэрэгцээ ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол илүү сайжирч, өвчлөл хүндрэлийн байдал буурч байгаад эмч хүний тухайд маш их баяртай байгаа.

-Ярилцсанд баярлалаа. 


Связанные новости