“COVID-19”-ийн вакцинд хүүхдүүдээ хамруулахыг эцэг эхчүүдэд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-11 11:35:23

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нийслэл Вашингтон хотын сургуульд зочлох үеэрээ “COVID-19”-ийн вакцинд хүүхдүүдээ хамруулахыг эцэг эхчүүдэд хандан уриалжээ.


“Эцэг эхчүүдийн хувьд 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдийнхээ төлөө гаргах хамгийн аюулгүй шийдвэр бол вакцинд хамруулах юм. Тиймээсөсвөр насны хүүхдүүдээ вакцинд хамруулах хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.


АНУ-д одоогийн байдлаар “COVID-19”-ийн вакцинд 12 болон түүнээс дээш насны хүүхдүүдийг хамруулж байгаа юм. Харин 12-оос доош насны хүүхдүүдэд вакцин хийхтэй холбоотой шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа билээ. 


Мөн Ж.Байден АНУ-ын засаг захиргаа сургуулиудад вакцины цэгийг байгуулах чиглэлд ажиллана гэдгийг мэдэгдсэн байна. Тэрбээр “COVID-19”-ийн вакцинжуулалтын талаарх зургаан чиглэл бүхий төлөвлөгөөг пүрэв гарагт танилцуулсны зэрэгцээ сургуулийн багш, ажилтнуудад вакцинд хамрагдах шаардлага тавихыг муж улсын захирагчдад уриалжээ.


АНУ-д хүүхдүүд халдвар авах, эмнэлэгт хэвтэх тохиолдол нэмэгдэж буй нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй боловч хүндээр өвчлөх, нас барах эрсдэл нь бага хэвээр байна. Тодруулбал, сүүлийн үед илэрсэн халдварын тохиолдлуудын дөрөвний нэг гаруй нь хүүхдүүд байсан ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн гурав хүрэхгүй хувийг хүүхдүүд эзэлж байна.  

Связанные новости