Монголын Эрүүл мэндийн салбарын ололтоос суралцах хүсэлтэйгээ уламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-07-15 12:47:44

Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор ирсэн Бүгд Найрамдах Казахстан улсын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд хатагтай Т.Дуйсенова болон Соёл, спортын сайд ноён М.Мухамедиулы нарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Т.Дуйсенова хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэж тохирсны дагуу эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын баруун бүсийн аймгийн эмч мэргэжилтнүүдийг тус улсын анагаах ухааны их сургуулиудын дэргэдэх эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх ажлыг амжилтай зохион байгуулснаа хэлж, цаашид уг үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн дурдав. Түүнчлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ололт амжилтаас ч мөн суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, энэ чиглэлээр Монголоос туршлага судлах хүсэлтэй байна гэв. Казахстан улсын хувьд зүрх судасны мэс заслууд, ялангуяа зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэж байгаа талаараа танилцуулж, эдгээр болон бусад чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой байна гэлээ.

 Сайд С.Ламбаа Засгийн газар хоорондын комиссын VI хуралдааны протоколын дагуу Баян-Өлгий, Увс аймгаас нийт 20 гаруй эмч Алма-Ата хот дахь Казахын анагаах ухааны тасралтгүй боловсрол олгох их сургуульд мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хүүхдийн сэхээн амьдруулах-яаралтай тусламж, эх барих, эмэгтэйчүүд, дотор, хавдар, гэмтэл согог судлал зэрэг чиглэлээр суралцсаныг нотолж, цаашид баруун бүсийн таван аймгаас эмч мэргэжилтнүүдийг тус улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахыг хүсч байгаагаа илэрхийллээ. Мөн ЭМСЯ-ны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь Казахстан улсын М.Айкимбаевын нэрэмжит Зоонозын ба хөл хориот өвчний эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, био аюулгүй байдал, био хамгааллын чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтад эмч мэргэжилтнүүд хамарсан талаар дурдаж, хил дамнасан халдварт өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажиллах, мэдээлэл солилцох, мэргэжилтэн солилцох боломжтой талаар ярив.

 Соёл, спортын сайд ноён М.Мухамедиулы удахгүй болох гэж байгаа Рио-де Жанейрогийн зуны олимпод Казахстан улс нийт 104 эрх авсан талаар танилцуулж, спортын салбарт ялангуяа өвлийн спортын салбарт Монгол Улстай хамтран ажиллах өргөн боломжтой талаар дурдав. Тус улсын хувьд байгаль цаг уурын онцлогтоо тулгуурлан өвлийн спортыг хөгжүүлэх талаар шат дараалсан арга хэмжээ авч байгаа хийгээд 2011 онд Азийн өвлийн наадмыг амжилттай зохион байгуулж, улмаар 2017 онд 1 дүгээр сард Оюутны өвлийн наадмыг зохион байгуулах эрхийг аван бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа талаараа танилцууллаа.

Сайд С.Ламбаа 2010 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар Бүгд Найрамдах Казахстан Улсын Биеийн тамир, спортын агентлагтай Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж өнөөг хүртэл хамтын ажиллагаа явагдаж байгааг тэмдэглээд цаашид хоёр улсын яамдын түвшинд болон Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны түвшинд хүргэх талаар хоёр талаасаа санаачилга гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ. Гэрээний хүрээнд хоёр орны биеийн тамир, спортын салбарын төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, өндөр зэрэглэлтэй тамирчин, дасгалжуулагч солилцох, мэргэшүүлэх, давтан сургах, туршлага солилцох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлэв. Ялангуяа өвлийн спортын салбарт хамтран ажиллах бололцоотой талаар онцлон тэмдэглэв.

Связанные новости