АСЕМ-ын зочдын эрүүл мэндийг сахин хамгаалахаар 10 цэгт эмч нар 24 цагаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-07-15 15:16:55

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт болж буй энэ өдрүүдэд Шангрила, АСЕМ Велла, Чингис хаан олон улсын нисэх буудал, Чингисийн хүрээ цогцолбор, Төрийн ордон зэрэг 10 цэгт эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлж байна.

Тодруулбал, нэг цэгт 2-3, зарим цэгт 4-6 эмч, сувилагч 24 цагийн турш гадаадын зочин төлөөлөгчдөд эрүүл мэндийн болзошгүй аюулаас сэргийлэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. 

ЭМС-ын сайд С.Ламбаа хэлэхдээ, “Одоогийн байдлаар хүндрэл учирсан зүйлгүй. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт бол Монголын нүүр царайг харуулж байгаа учраас 50 гаруй орны төлөөлөгчийн бэлтгэл ажлыг хангах,  даган ирж буй 5000 хүний эрүүл мэндийн асуудлыг хамгаална гэдэг бол маш чухал. Тиймээс манай салбарынхан зогсоо зайгүй бэлэн байдалд ажиллаж байна. Зочдын буусан бүх буудалд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх яаралтай тусламжийн цэгүүд ажиллаж байна” гэв

Дашрамд дурдахад, АСЕМ-ын нэг зочны дунд чөмөгний толгойн хэсэг нь хугарсан учир мэс заслыг Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар амжилттай хийв. Мөн  Цэргийн нэгдсэн эмнэлэгт нэг хүн мухар олгойн мэс засал хийлгэсэн бөгөөд бие нь илааршиж эмнэлгээс гарчээ. ОХУ-ын нэг иргэн өнөө өглөө Улсын 2 дугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар биеийн байдал нь сайн байгаа аж.

Ж.Болор

Связанные новости