Улаанбаатарт халдварын 640, орон нутагт 556 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1196 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 640 нь Улаанбаатарт, 556 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 89 тохиолдол Орхон аймагт батлагдсан бол, сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол хамгийн олон байсан Өмнөговь аймагт 79 тохиолдол бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 4 хүн нас баржээ. Одоогоор манай улсад уг өвчнөөр 2040 хүн эндээд байна.
Өнөөдрийн байдлаар 9 857 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 828 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 96 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай 49 064 хүн байгаа аж.