Шүлхийн вакцинжуулалт 70 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2016-08-29 13:51:06

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж хүн, мал амьтны гоц халдварт  шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийх ажлын  талаар хэлэлцлээ.

Нийслэлтэй залгаа зарим сумын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотод энэ өвчин орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэрэгжүүлж эхэлсэн. Захирамжийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал харицсан орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Багахангай дүүрэгт ажилласан байна.

Багануур дүүргийн Хэрлэн, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нийт 9 автотээврийн шалган бүртгэх товчоог түшиглэн 24 цагийн постуудад мэргэжлийн байгууллагуудын бүрлэдхүүнтэй хяналтын цэг ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэл хийж байгаа юм байна. Мөн Төв аймгийн Засаг даргад болон ХХААХҮ-ийн сайдад шүлхий өвчинтэй тэмцэх талаар нийслэлийн Засаг даргын албан тоот хүргүүлэн хамтран ажиллаж эхэлжээ.   Өнөөдрийн байдлаар Төв аймгийн  Мал эмнэлэгийн газраас Төв аймгийн Баян сумтай хил залгаа, Багахангай, Налайх, Багануур дүүргийн шүлхий өвчинд мэдрэмтгий малын тооцоог гаргаж энэ сарын 25-наас вакцинжуулалтад хамруулж эхэлсэн байна. Вакцинжуулалтын явц 70 гаруй хувьтай байгаа талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэллээ.

Мөн Налайх, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байгаа үхэрт шүлхийн эсрэг вакцин хийж, ирэх сарын 08 гэхэд дуусгах төлөвлөгтөөтэй  ажиллаж байгаа юм.

Онцгой комиссын хурлаас Баянзүрх дүүргийн 11-р хороонд амьд мал худалдаалж буй цэгийг түр зогсоох шийдвэр гаргав.  Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийн баталгаат бус замуудад “хөдөлгөөнт эргүүл гаргахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн өвчний голомтын бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлээс дэмжлэг үзүүлж, нийслэлийн цэргийн штаб, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов.

Ч.Ариунболд

Связанные новости