НЭМҮТ Тюменийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан ОХУ-ын Тюменийн их сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тус сургуулийн Геоэкологи, байгаль ашиглалтын тэнхимийн профессор, биологийн шинжлэх ухааны доктор Синдирева Анна Владимировна Синдереваг хүлээн авч уулзлаа.
Энэ сарын 10-нд болсон уулзалтаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Тюмень хотын Их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэл, тэр дундаа орчны тандалтын тогтолцоог хөгжүүлэх талаар хамтарсан судалгааны баг байгуулах, мөн эрдэмтэн судлаачдаа Тюменийн их сургуульд магистр, докторын сургалтад хамруулах зэрэг олон чухал асуудлаар санал солилцов.
Мөн хоёр талаас хамтран хэрэгжүүлж буй төслийн явц, хүлээгдэж буй үр дүнгүүдийн талаар харилцан танилцуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцлоо.