Элэгний C вирусыг 2020 он гэхэд бүрэн устгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2016-09-09 16:59:34

Монгол Улс 2020 он гэхэд элэгний С вирусыг бүрэн устгасан анхны улс болох бүрэн боломжтой гэдгийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлагч “Оном” сангаас мэдээлэв.

Монгол Улсад 400 гаруй хүн элэгний C вирусийн халдвартай байгаа юм. Мөн 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд эхний байранд ордог байна. Энэ нь дэлхийн дунджаас 8 дахин үзүүлэлт юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар элэгний өвчлөлөөр хоногт 7-8 хүн, жилд 2600 хүн нас барж байна.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагаанийхаа хөтөлбөрт бүрэн эхээр нь тусгажээ. Уг хөтөлбөрт "Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсооно” гэсэн заалт буй юм.

Мөн “Оном” сангаас элэгний В,С вирүсийн эрт илрүүлэлтийг дэмжих зорилгоор “ЭЛГЭЭ ХАЙРЛАЯ” нийгмийн сүлжээний дуудлагыг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд эхлүүлэх болжээ.

Оном сан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрөөрөө 100 сая ам долларын шагналын сан бүхий уралдаант шалгаруулалтад оролцох болжээ. Уг уралдааныг АНУ-ын “Макартур” сангаас (MacArthur foundation) нийгэмд хамгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, туслах зорилгоор зарласан юм. Уралдаанд оролцоход төрийн зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллавал Монгол улс элэгний вирүсийн эмчилгээндээ гаднаас хөрөнгө оруулах том боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаа аж.

М.Бумсүрэн

Связанные новости