Эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн төлөвлөгөө боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзаж цаашид хэрхэн шинэ шатанд хамтран ажиллах талаар ярилцлаа.
НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэндийн салбарт бага насны хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгааллын чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн юм.
Уулзалтын эхэнд суурин төлөөлөгч, манай сан нь ЭМЯ-тай олон жилийн хамтын ажиллагааны арвин түүхтэй. Эх, хүүхдийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах, ус хангамж, ариун цэврийн байгууламжийн тогтвортой байдлыг хангах замаар өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Ирэх оноос хамтын ажиллагааныхаа шинэ таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Хүүхэд, өсвөр үе тэр дундаа эмзэг бүлгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд түлхүү эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх чиглэлд төлөвлөгөө боловсруулж байгаа. Өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэг, Хөвсгөл аймагт төслөө хэрэгжүүлж тус орон нутгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд сум дүүрэг багт нь хүрч ажилласан. Ирэх жилүүдэд Баянзүрх дүүрэг, гурван аймаг нэмэгдэхээр болсон. Ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдэд хоол тэжээл, эх, хүүхдийн тусламж үйлчилгээ, жирэмсний хяналт, дархлаажуулалт ихээр орхигдсон байдаг. Өсвөр үеийнхэнд шилжилтийн насан дээр нь бэлгийн чиг хандлагын талаар зөв мэдээлэл өгөх ёстой учраас энэ талд яамтай түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
А.Цогцэцэг сайд нийт хүн амын амьжиргааны түвшинтэй харьцуулахад эмзэг бүлгийн хүүхдүүд өвчлөлд өртөх нь элбэг байна. Тиймээс 0-5 насны хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, БЗХӨ-өөр 13-аас дээш насны хүүхдүүд өртөж байгаа нь сэтгэл зовоож байна. Ялангуяа төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаад судалгаа хийж төлөвлөгөө гарган хамтарч ажиллах хүсэлтэй байна гэдгээ хэллээ.
Уулзалтын төгсгөлд ирэх арваннэгдүгээр сард Малайз улсын Куала-Лумпур хотод сайд нарын түвшинд зохион байгуулах хүүхдэд чиглэсэн нийгмийн асуудлаарх олон улсын хуралд оролцохыг хүсэв.
Ж.Болор