Эх хүүхдэд ээлтэй танхимтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-15 14:48:25

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн байранд өнөөдөр Эх хүүхдэд ээлтэй танхимын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Тус танхимыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилт, ЭМЯ-ны тусламжтайгаар байгуулсан бөгөөд хөхүүл хүүхэдтэй болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд ээлтэй орчинг бүрдүүлж, ажлын байранд эрүүл мэндийг дэмжигч, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Хоол тэжээл хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбатогтох, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхжаргал, НЭМХ-гийн Бодлого зохицуулалт, хөгжлийн албаны дарга Б.Сувд, Хоол судлалын төвийн дарга Ж.Батжаргал нар оролцож тууз хайчилсан юм.

Монгол Улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхчүүд төрсний дараа даруй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдагтай холбоотой. Тийм ч учраас жил бүр ажил эрхэлдэг хөхүүл эхчүүдийг ажил олгогч нарын зүгээс дэмжихийг ЭМЯ, НЭМХ-гээс уриалж ирсэн.

Ийнхүү ажлын байрыг эх хүүхдэд ээлтэй болгосноор ажлаас чөлөө авалт буурч, ажлын бүтээмж нэмэгдэн,  нярай ба бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч эрүүл мэндийн зардал багасдаг тооцоо бий.

Ж.Болор

Связанные новости