ӨМНӨГОВЬ: Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах уулзалт, сургалтыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-10-16 15:32:25

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Нээлттэй Өмнөговь-Хэвлэл мэдээлэл” сэдвийн дор нэгдсэн уулзалт, сургалтыг Даланзадгад хотноо аравдугаар сарын 12-14-ний өдөр зохион байгууллаа.

 

Уулзалтад 18 аймгийн салбарын тэргүүн, сэтгүүлчид зэрэг 60 гаруй хүн хамрагдлаа. 

 


Орон нутгийн сэтгүүлчдэд МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Гүйцэтгэх захирал бөгөөд ажлын албаны дарга Б.Ууганбаяр нар хэвлэл мэдээллийн салбарын тулгамдсан асуудал, салбарын менежмент, цахим сэтгүүл зүйн контент боловсруулах нь зэрэг сэдвээр чадавхжуулах сургалтыг хийж, тулгамдсан асуудлаа ярилцан, харилцан туршлага солилцлоо.

 


Харин МСНЭ-ийн сургалт сурталчилгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ж.Батбаатар Шийдлийн сэтгүүл зүйн хөгжил сэдвээр сургалтыг явуулсан бол Сайт хариуцсан УЗ-ийн гишүүн Ж.Цэсэн Сэтгүүл зүйг хэрхэн бизнес болгож болох сэдвээр сонирхолтой  хичээл сургалтыг орлоо.

 


Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлынхаа дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгч харилцан ярилцсан бөгөөд  Даланзадгад хотын аяллыг  зохион байгуулж, түүх дурсгал, бүтээн байгуулалттай танилцуулсан ба Баянзагаар аялуулж говийн байгалийн гайхамшгийг сурталчиллаа.




Нээлттэй Өмнөговь-Хэвлэл мэдээлэл нэгдсэн уулзалтын үеэр салбартаа үр бүтээлтэй ажилласан шилдгүүдээ шагнан урамшуулсан бөгөөд Хэнтий аймгийн Өндөрхаан телевизийн найруулагч Б.Амархүү ХМТА цол тэмдэгээр, Монцамэ агентлагийн Өмнөговь аймаг дахь сэтгүүлч  С.Дэлгэрцэцэг "Ган үзэгтэн" шагналаар тус тус шагнууллаа. 




Мөн  сэтгүүлчид Өмнөговь аймгийн Сум дундын ойн ангитай хамтран Даланзадгад сумын ойн шинэ зурваст голт борын 40 гаруй суулгацыг тарьсан бол Цогт-Овоо суманд шинээр байгуулагдсан ойн ангийн ойн зурваст зочлон мод бут суулгаж, өмнийн говийг ойжуулах үйлсэд хувь нэмрээ орууллаа.



 

Связанные новости