Хулгай, дээрмийн хэрэг өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Цагдаагийн газрын өнгөрөгч сарын мэдээллээс харахад тус аймагт сүүлийн үед хулгай, дээрэм булаалтын шинжтэй хэрэг өсөх хандлагатай байна. Энэ байдалд иргэдийн өөрсдийн сонор сэрэмж, хайхрамж болгоомжгүй байдал нөлөөлж байгааг Цагдаагийн газрын ажилтнууд сэрэмжлүүлэв.
Мөн хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой машины эд зүйл, хучлага алдагдах гэмт хэрэг өсдөг тухай ярьж байсан.
Өнгөрөгч сарын сүүлээр Аймгийн Засаг даргын захирамж гарч нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нийтийн эргүүлд татан оролцуулахаар болжээ.
Хоёр сарын хугацаатай үргэлжлэх энэ ажилд өдөр бүр нэг байгууллагаас 5-10 хүн цагдаагийн ажилтнуудтай хамтран оройн цагаар эргүүл хийж эхлэв. Олон нийтийн эргүүл нэгдсэн арга хэмжээнд аймгийн төвийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага хамрагдан ажиллаж байна.
Б.Туяа