“Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД“Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Эл өдрийг Дэлхийн галзуу өвчнийг хянах холбооны санаачилгаар 2007 оны есдүгээр сарын 28-наас эхлэн тэмдэглэж байна.
Энэ өдөр галзуу өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг дэлхийн 135 оронд зохион байгуулдаг бөгөөд галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг хүмүүст хүргэдгээрээ онцлогтой.
ЗӨСҮТ болон аймаг, нийслэлийн ЗӨСТ-үүд галзуу өвчнөөс сэргийлэх хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах ажлыг жилийн туршид тогтмол хийдэг бөгөөд Хаан банкны санхүүжилтээр 20 гаруй мянган зурагт хуудас хэвлүүлэн 21 аймгийн ЭМГ, ЗӨСТ-д тараасан байна.
ЗӨСҮТ, НЭМГ хамтран эл өдрийг угтан “Монгол Улс дахь галзуу өвчний төлөв байдал, хариу арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, цаашдын чиглэл”, “Галзуу өвчний эсрэг дархлаажуулалт, эмчилгээ, оношилгоог сайжруулах нь” сэдвээр Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулжээ. Мөн ЗӨСҮТ, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллага хамтран Орхон аймгийн 2 сумын 3 сургуулийн сурагчдад галзуу өвчний талаарх мэдлэг дээшлүүлэх сургалт зохион байгуулав.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт золбин нохой тоолох, дотоод шимэгчдийг тодорхойлох, нохойгоор дамжин халдварлах өвчний талаарх хүн амын мэдлэг, хандлага, халдварт өртөх эрсдлийг үнэлэх тандалт судалгааны ажлыг тус дүүргийн 1, 5, 9,13,17, 21, 25 дугаар хороодын нутагт хийж гүйцэтгэсэн байна.
Ж.Болор