ӨМНӨГОВЬ: Бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх жилээс 10 гаруй хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-02-02 13:34:10

Даланзадгад, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Говийн аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа болох түмэн тэмээний баярыг тохиолдуулан “Ингэний айргийн баяр- 2024" үзэсгэлэн худалдааг уламжлал болон 17 дахь жилдээ зохион байгуулж байна.




Үзэсгэлэн худалдаанд Өмнөговь аймгийн 15 сум, Өвөрхангай, Архангай, Дундговь, Орхон аймаг, Улаанбаатар хотоос 200 гаруй иргэн, 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож сүү, цагаан идээ, хэвийн боов, төмс, хүнсний ногоо, тэмээний ноосон бүтээгдэхүүн, цагаан сарын бэлгийн өргөтгөсөн худалдаагар урлал, бэлэг дурсгал зэрэг 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна. 

 


“Ингэний айргийн баяр-2024” үзэсгэлэнд нутгийн иргэд ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнээр чихэр, бялуу, шүүрмэг, ундаа, нэрмэл архи, гарын саван, тэмээний ноосон хувцас, эдлэл зэрэг говийн онцлог шингэсэн бүтээгдэхүүнээр оролцож байна.

 



Сар шинийн баярын өмнө малчид цагаан идээгээ худалдан борлуулах боломжийг ханган эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготойгоор зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаанд сүү, цагааны идээний худалдан авалт сайн байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад бараа бүтээгдэхүүний үнэ 10 гаруй хувиар нэмэгджээ. 




Тавгийн идээний ааруул 430-450 мянга, шүүрмэг 40-45 мянга, ингэний хоормог 20 мянга, өрөм 25 мянга, хонины ууц 350- 380 мянга, хэвийн боовыг 5-9 мянган төгрөгөөр тус тус худалдаж байна.

Связанные новости