СҮХБААТАР: Малчдад өвс, тэжээлийн дэмжлэг нэн шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-19 18:09:40

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зудын аюул нүүрлэсэнтэй холбогдуулан УОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын баг энэ долоо хоногт Сүхбаатар аймагт ажиллана. Ингэхдээ 13 суманд 1950 тонн улаан буудай олгох аж.

 

УОК-оос хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Сүхбаатар аймгийн 13 сум мөсөн зудын ангилалд шилжиж, малын хорогдол 500 мянгыг давсан, цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс малчдад нэн шаардлагатай дэмжлэг бол өвс, тэжээлийн дэмжлэг гэдгийг уламжилсаар байгаа юм.


Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн нөөц хангалтын талаар аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир мэдээлэл өгсөн. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр нөөцийн өвсийг 60 мянган боодлоор нэмэгдүүлсэн. Сумдад нийлүүлэх ажлыг хийж байгаа. Одоогоор 21 мянган боодол өвсийг зургаан суманд олгосон. 29 мянган боодлыг үлдсэн сумд авах захиалгаа өгсөн. 60 тонн тэжээлийг сумдад хөнгөлөлттэй үнээр олгосон. Замын нөхцөл байдлаас шалтгаалж өвс тээвэрлэлт хойшлох, маш их хугацаа орох зэрэг хүндрэл гарч байна. Мөн нэмэлтээр Эрдэнэцагаан сум болон Бичигтийн боомт орчимд байгаа зарах өвсийг судалж, татаж авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар болсон гэв.

 

Связанные новости