Оюутны эрүүл мэндийн өдөрлөгт 5000 оюутан оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭрүүл мэндийн салбарынхан жил бүрийн 9, 10 дугаар сард “Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг өрнүүлэн оюутан залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгаа явуулж, үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд тус аяны нээлтийг 5000 оюутны өдөрлөгөөр эхэлсэн бөгөөд өнгөрсөн сарын 30-нд ЭМЯ, БСШУСЯ, ДЭМБ, НЭМГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Их дээд сургуулиудын консерциум хамтран АШУИС, ШУТИС, МУБИС, Этүгэн, Их засаг, Биеийн тамирын дээд сургууль зэрэг гуч гаруй их дээд сургуулийн захирал, удирдлагатай уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ үеэр ЭМЯ, БСШУСЯ, ХНХЯ хамтарсан “Оюутны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” шинэ тушаалыг уншиж сонсгон, хөдөө орон нутгаас хотод суралцаж буй оюутнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвөөр авах боломжтойг танилцуулав.
Өнгөрсөн жил оюутнуудаас санал авахад сургуулиудад эрүүл мэндийг дэмжих өрөө тасалгаа бий болгох, сургууль бүр эмчтэй болох, эрүүл мэндийн зөвлөгөө клуб байгуулах зэрэг санал гарч байсан билээ.
Их, дээд сургуулийн захирлууд “Оюутны эрүүл мэндийн кабинет”-ын стандартыг бий болговол сургуулиудад кабинет байгуулахад тийм ч төвөгтэй биш гээд оюутныхаа эрүүл мэндийг дэмжих ажилд идэвхийлэн оролцохоо илэрхийлэв.
Ж.Болор