Венецийн 60 дахь удаагийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-18 11:02:30

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дүрслэх урлагийн олимп гэгддэг 60 дахь удаагийн Венецийн биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд энэ сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн Биеннальд нийт 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгох юм. 


Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч, CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн нар хамтран ажиллаж байна.


Биеннальд дэлгэж буй Монголын павильон “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд буддын шашны догшин сахиус Ситипати буюу Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авч тэр дундаа гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг бэлгэддэг. 


Түүний уран бүтээлийн концепц нь нийгмийн болон хүмүүний хөгжил, харилцааны өөрчлөлт, түүнчлэн хүн төрөлхтний ухамсрын даяарчлалын бодит дүр төрхийг ажигласан судалгаан дээр тулгуурлажээ. Кураторын баг нь уран бүтээлчийн "Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй" шинэ өрөг орон зайн баримлыг түүхэн Ситипатийн дүрслэлтэй харьцуулан, улмаар "Ухамсраа дахин нээхүй" уран баримлын цуврал бүтээлээр үзэсгэлэнгийн дэглэлтийг баяжуулж үзэгчдийн мэлмийг баясгах юм.

Монголын павильоны албан ёсны нээлт өнөөдөр орон нутгийн цагаар 16:00 цагт эхэлнэ.


Уран бүтээлч А.Очирболд Монгол, Герман, Солонгос, Хятад, Орос, АНУ зэрэг орны олон үзэсгэлэнд бүтээлүүдээ толилуулсан.  Хөвсгөл аймагт байрладаг Чингүнжавын хөшөө, Булган аймагт байрладаг Цогт тайжийн хөшөө, Улаанбаатар хотын Вива сити дэх Мандухай Сэцэн хатны хөшөө, Ахмадын талбай дахь Ухамсар зэрэг түүний том хэмжээний бүтээлүүд  олон нийтийн талбай, Монгол орон даяар дэлгэгдсэн нь олны танил болжээ. Түүний "Ухамсар" баримал Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг. Тэрбээр НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 2015 оноос хойш тасралтгүй оролцож буй юм.














Связанные новости