Соёлын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-06 16:01:08

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. "Соёлын сэргэлт-2024" аяны хүрээнд Соёлын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгууллаа.


УДЭТ-т өнөөдөр болсон энэхүү зөвлөгөөнд 21 аймгийн соёл, урлагийн газар болон Соёлын яамны харьяа байгууллагын удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцов. Зөвлөгөөнийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж нээж, Соёлын сайд Ч.Номин “Соёлын салбарын бодлого, хэрэгжилт” сэдэвт илтгэлээ танилцууллаа.


"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд зөвлөгөөнд оролцогчид соёл, урлагийн салбарын бүсчилсэн хөгжлийг дэмжих, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эко системийг бүрдүүлэх хамтын ажиллагааны чиглэлээр салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.  


Түүнчлэн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр аймгийн Соёл, Урлагийн газрын удирдлагуудад Соёлын сайд Ч.Номин, Соёлын дэд сайд П.Баттөр, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж нар туулах чадвар сайтай автомашиныг гардуулан өглөө.

Өнгөрсөн хугацаанд аймгуудын Соёл, Урлагийн газрын албан хаагчид албан хэрэгцээнд ашиглах автомашингүй байсан бөгөөд алсалсан сум, тосгодод соёлын үйлчилгээг хүргэн ажиллахад хүндрэлтэй байсан юм. Тэгвэл туулах чадвар сайтай автомашинтай болсноор соёлын хүртээмжийг иргэдэд тэгш хүргэх боломж бүрдэж байна.






Связанные новости