Тусгай тоноглолтой 20 автомашиныг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-05-20 17:29:57

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/.  “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглосон автомашин ханган нийлүүлэх” 4,1 сая еврогийн өртөг бүхий төслийн хүрээнд 35 иж бүрдэл тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх ёслол УНТЭ-ийн талбайд өнөөдөр боллоо.


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарыг дэмжин урт хугацааны туршид үнэтэй хөрөнгө оруулалт хийсээр ирсэнд талархал илэрхийлээд “ЭМЯ нь хоёр улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглосон автомашин ханган нийлүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Дэлхий даяар "КОВИД-19" цар тахал дэгдэж, мөн Украины дайны нөхцөл байдлын улмаас төслийн хэрэгжилт удааширсан ч өнөөдөр түргэн тусламжийн автомашинуудаа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөд бэлэн болсонд талархаж байна” гэв.  


Төслийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар тоноглосон MAN TGE 3.140 4*4 маркийн 33 түргэн тусламжийн автомашин, мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, засвар үйлчилгээ хийх зориулалттай Pick up загварын 2, нийт 35 автомашиныг нийлүүлэхээс эхний ээлжийн 20 машиныг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгч байгааг Эрүүл мэндийн сайд онцлоод “Түргэн тусламжийн эдгээр машин яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралт хэмжих аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч зэрэг 22 нэр төрлийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. Мөн Pick up загварын 2 автомашин эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг шалгах 5 нэр төрлийн эталон тоног төхөөрөмжөөр тоноглосноороо Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарыг хянах боломж бүрдэж байна” гэв.

Эхний ээлжийн 20 машиныг Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагад өгч буй юм.


Төслийн хүрээнд Польш Улсын “Stolarczyk Miroslaw Technologia Pozarnicza” компанитай 4,15 сая еврогийн үнийн дүнтэй гэрээ байгуулж түргэн тусламжийн бүрэн тоноглосон автомашинаас гадна молекул биологийн  иж бүрэн 11 лабораторийн тоног төхөөрөмж, 3 суурин рентген аппарат болон бусад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлжээ.




Связанные новости