ДАРХАН-УУЛ: Хөнгөн атлетикийн тэмцээнд Өмнөговь аймгийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-16 14:09:30

Дархан, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ардын боловсролын тэргүүний ажилтан ОУХМ Д.Ёндоны нэрэмжит Хөнгөн атлетикийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн ням гарагт боллоо.


Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уг тэмцээнд орон нутгийн есөн баг, Дархан хотын дөрвөн сургуулийн 160 гаруй тамирчин оролцлоо.


Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Г.Сайнхүү дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн баг тамирчид тэргүүлж алтан медаль, цомын эзэд болсон байна.


Харин дэд байрт Н.Ууганбаяр дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн баг, гуравдугаар байрт Э.Чибиш багштай Дархан хотын Оюуны ирээдүй” цогцолборын баг тамирчид тус тус шалгарлаа.


Тэмцээний үеэр аймгийн БТСГ-ын дарга А.Амараа ОУХМ Д.Ёндон, ОУХМ Х.Латиф нарыг Биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн медалиар шагнаж, баяр хүргэлээ.


Ташрамд хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Д.Ёндон нь Монгол Улсын марафон гүйлтийн улсын анхны аварга, 5000 метрийн холын зайн гүйлтийн улсын аварга, Ази тивийн хөнгөн атлетикийн спортын мастеруудын аварга, биеийн тамир, спортын тэргүүний ажилтан ахмад тамирчин юм.

 




 

Связанные новости