Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-28 12:04:43

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээний юникорн компанийг Монголоос “төрүүлэх” зорилгынхоо хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хувийн хэвшлийн төлөөллийг баасан гараг бүр хүлээн авч, шийдэлтэй уулзалт зохион байгуулж байна.


Тухайлбал, “Рүүкий системс” ХХК, ICT групп, “Metacog” ХХК, “Номадик Бэйр Гэймс” ХХК-ийн төлөөллүүдтэй өчигдөр уулзаж, санал солилцов. “Рүүкий системс” компани нь ухаалаг зогсоолын систем бүтээсэн нь олон нийтийн хэрэглээнд нэвтэрч, амжилттай явж байгаа. Өгөгдлийг ашиглан, тендерийн нээлттэй систем бий болгох, Засгийн газрын 11-11 төвийн өгөгдлийн баазыг ангилж, олон нийтэд хүргэхээр төлөвлөж буй тэд яамтай хамтран мэдээллийн технологийн тэмцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Түүнчлэн, 76 охин компаниараа дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэдэг ICT групп 2011 онд байгуулагдсан цагаасаа өдий хүртэл 400 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, 3 сая гаруй хэрэглэгчдэд хүргэжээ. Тэд салбарын хүний нөөц, экспортын бүтээгдэхүүн гаргах асуудлыг сайдад уламжлаад, монгол хүний амьдралын чанарыг технологийн тусламжтайгаар сайжруулахыг зорьж, энэ чиглэлийн суурь систем, бүтээгдэхүүнүүд нэгдсэн стандарттай болох талаар санал солилцлоо.



Харин “Metacog”  хүний нөөцийн цогц систем бүрдүүлснийг Монголын топ 50 компани ашиглаж байгааг дуулгав. Платформыхоо англи хувилбарыг хийж, АНУ-ын зах зээлд гаргах зорилготойгоо салбарын сайдад дуулгаж, хамтран ажиллахыг хүслээ.


Энэ удаагийн уулзалтад ирсэн дөрөв дэх компани нь дэлхий даяар 50 сая татагдсан тоглоом үйлдвэрлэсэн “Номадик Бэйр Гэймс” ХХК юм. Тэд өнгөрсөн 5 жилд 150 гаруй тоглоом үйлдвэрлэсэнээс дөрөв нь олон улсад гарчээ.  Орлогоо АНУ-ын зах зээлээс бүрдүүлдэг тус компани Монголын хамгийн том юникорн компани болох зорилготой ажиллаж байгааг захирал Б.Төрболд тэмдэглэлээ. Тэрбээр дэлхийн тоглоомын зах зээлд маш их боломж байгаа ч эрсдэл их тул хууль эрх зүйн орчинд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг сайдаасаа хүсэв.



ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Яам бол салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг бүрдүүлдэг төрийн захиргааны байгууллага. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийг өнгөрсөн 6 дугаар сард УИХ-аар батлуулсантай холбоотой дотоодын программ хангамжийн компаниудыг дэмжих, орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, түүнийг дагаад чадварлаг боловсон хүчнийг бэлдэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, стартапуудыг дэлхийд гаргахад нь дэмжиж, хамтарч ажиллана” хэмээн онцолсныг тус яам мэдээлжээ. 

Связанные новости