СҮХБААТАР: Монгол гэрт агаарын солилцоо хамгийн их явагддаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Музейн
нээлттэй өдрүүдийн хүрээнд Сүхбаатар аймгийн
Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй
Дарьгангын хэлхээ тоонотой гэрийг онцлон танилцуулж, монгол гэрийн гайхамшгийн
талаар тайлбарлав.
1. Монгол гэрт агаарын солилцоо хамгийн их явагддаг. Учир нь хүн орох гарах тоолонгоор монгол гэрийн тооно, үүд хоёроор агаар байнга солигдож, гэр доторх хуучин уур нь дэгдэж, шинэ уураар сэлбэгдэн солигдож байдаг тул гэр дотор амьдарч буй хүн ямагт цэвэр агаараар амьсгалах боломжтой юм.
2. Монгол гэр дулааныг хадгалах өвөрмөц онцлогтой. Учир нь монгол гэрийг барихад ямар ч төмөр хийц ороогүй, дан хонины ноосон эсгий, модон эдлэлээс бүтсэн учир хүний биеийн эрүүл мэндэд маш сайн, гаж нөлөөгүйн зэрэгцээ өөрөө “амьсгалж байдаг” сууц болно. Хонины ноосоор хийсэн эсгий нь дулаан дамжуулах чадвар өндөртэй тул өвлийн хүйтэнд дулааныг маш сайн хадгалах чадвартайг эрдэмтэд судалсан байна.
3. Монгол гэр газар хөдлөлтөнд хамгийн тэсвэртэй сууц. Гэрийн ханын шийр олон, газарт шигдэж байдаг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан тул газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй. Мөн үерийн ус дайрах тохиолдолд хаяагаа сөхсөн байхад ханын нүдээр урсан өнгөрдөг тул хүний аминд аюулгүй юм. Гэр нь дугуй хэлбэртэй болохоор татлага тэнжээгээр бэхэлсэн байхад хээрийн салхи шуурганд ч тэсч үлдэнэ. Гэрийн даацыг 300 орчим кг гэсэн тооцоо байдаг. 150 км/секунд салхины хүчийг даах чадвартай.
4. Монгол гэрийг нэг цаг орчимд барьж, түүнээс бага хугацаанд буулгаж болдог тул нүүх, зөөх, тээвэрлэхэд хялбар.
5. Монгол гэр байгальд нэн ээлтэй эко-сууц юм. Учир нь монгол хүн нүүхийн цагт гэрийн бууриа сайтар цэвэрлэн үлдээдэг болохоор маш түргэн байгалийнхаа жамаар нөхөн сэргээгддэг. Монгол орны байгаль олон зуун жилийн туршид унаган төрхөөрөө үлдсэний учир нь үүнтэй холбоотой билээ.
6. Монгол гэр дуу чимээ тусгаарлах чадвартай. Учир нь дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэрт дууны долгион адил хэмжээний зайг туулах тул гажилт үүсдэггүй. Тиймээс сүүлийн үед дуу бичлэгийн студийг монгол гэрт хийх хандлага өргөн дэлгэрч байна. Мөн сургууль, зочид буудал, ресторан, амьдрах сууц зэргээр дэлхийн улс орнуудад монгол гэрийн хэрэглээ нэмэгдсээр байна.