СҮХБААТАР: Түймэрт өртсөн малчдад илгээсэн тусламжийг хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга
С.Амарсайханы тушаалаар байгуулсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн болон УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Ц.Идэрбат, Аймгийн
Засаг дарга М.Идэрбат нар Сүхбаатар суманд ажиллаж, хээрийн түймэрт өртсөн малчдад илгээсэн
тусламжийг хүлээлгэн өглөө.
Тодруулбал, иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 сая гаруй төгрөгийн тусламж үзүүлснийг сумын удирдлагууд, малчдын төлөөлөлд хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр иргэд, малчдад СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд эрүүл мэндийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, зөвлөгөөг газар дээр нь өгч байна.
Мөн Сүхбаатар аймаг малчин тус бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Тус суманд гарсан түймрийн улмаас гурван гэр, адуу 259, үхэр 104, өвөлжөө 14, хаваржаа зургаа өртөж 30 өрх хохирол амссан байна.
УОК-ын ажлын баг өнөөдөр Эрдэнэцагаан суманд ажиллана.