СҮХБААТАР: Анх удаа болсон чөлөөт бөхийн УАШТ-ийг олон улсын түвшинд зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт анх удаа болсон чөлөөт бөхийн УАШТ-ийг олон улсын түвшинд зохион байгууллаа
хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд дүгнэв.
Тус аймгийн Онгон сумын харьяат, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, МУГТ Э.Ням-Очирын нэрэмжит U15 насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм.
Бөхийн дэвжээг олон улсын
тэмцээний дэвжээний стандартаар зассан нь 21 аймагт анхдагч байлаа. Мөн ангилал тус бүрд аваргын төлөө барилдах тамирчдыг булан тус бүрээр нь дэлгэцээр танилцуулж, хоёр өдрийн турш үргэлжилсэн тэмцээнийг тасралтгүй шууд дамжуулж ажилласан зэрэг нь зохион байгуулалтын өндөр үнэлгээ авахад нөлөөллөө. Хол ойроос зорин ирсэн
зочид, багш дасгалжуулагч, тамирчид сэтгэгдэл өндөр буцсан гэж аймгийн БТСГ-ын дарга Ж.Идэрмөнх хэллээ.
Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тэмцээнд
33 багийн 600 орчим тамирчин оролцжээ.
Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар
Сүхбаатар аймаг Э.Баасандорж /39 кг/, шилдэг эмэгтэй тамирчин Сэлэнгэ аймаг Мөнгөнсолонго /44 кг/, шилдэг шүүгчээр улсын шүүгч О.Ганзориг нар шалгарсан бол багийн дүнгээр эрэгтэй төрөлд Өмнөговь, Дархан, Сүхбаатар аймаг, эмэгтэй төрөлд Төв аймаг, Налайх дүүрэг, Архангай аймаг тус тус шалгарсан байна.