ДОРНОД: “Дорнын хүчтэн” дэвжээний нэрэмжит бөхийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-04-02 16:13:44

Чойбалсан, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Дорнын хүчтэн” дэвжээний нэрэмжит 128 бөхийн барилдаан Чойбалсан хотод боллоо.


Монгол Улсын заан Д.Анар, “Гэгээн Хэрлэн” ХХК-ийн захирал Н.Мөнхсүрэн нарын санаачилга, хөрөнгө оруулалтаар нийслэл хотод “Дорнын хүчтэн” дэвжээний бөхчүүдийн бэлтгэл хийх заалыг ашиглалтад оруулаад байгаа юм.


Барилдаанд Монгол Улсын аварга О.Хангай, Монгол Улсын заан Д.Анар, Б.Серик, Д.Хүдэрбулга, Б.Батмөнх, Монгол Улсын харцага Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, Х.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, Монгол Улсын начин Э.Сумьяабат, Х. Цогтгэрэл, Т.Дүгэрдорж, Б.Түмэндэмбэрэл зэрэг улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхчүүд зодоглов.


Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Ёл тус барилдаанд хүндэтгэл үзүүлэн ирж оролцсон улсын цолтнуудад талархал илэрхийлж, “Дорнын хүчтэн” дэвжээний үйл ажиллагаанд мөнгөн дэмжлэг үзүүллээ. Тус дэвжээ цаашид залуу бөхчүүдийг бэлдэх, дэмжих тал дээр анхаарал хандуулж ажиллахаар зорьж байна. 

Связанные новости