ЗАВХАН: "Завханы хүүхдүүд" эмхэтгэл гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймаг хүүхдийн эрх, хамгааллын статистик үзүүлэлтүүдийг эмхэтгэж жил бүр
хэвлэн гаргахаар болжээ.
Хүүхдийн эрх, хамгааллын статистикийг тооцох аргачлал, статистик, мэдээллийн сангийн чиглэлээр мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулсан. Энэ уулзалтад аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Статистикийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэргэжилтнүүд болон Хүний эрхийн үндэсний комиссын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү нар оролцож санал солилцсон юм.
Уулзалтаар Статистикийн үндэсний хорооны даргын 2022 оны А/172 тушаалаар баталсан "Хүүхдийн эрх, хамгааллын статистик үзүүлэлтийг тооцох аргачлал"-ын дагуу гаргах боломжтой тоон үзүүлэлтүүдийг энэ сарын 25-ны дотор нэгтгэж, боловсруулалт хийж ажиллахаар болсон.
Энэ удаад аймгийн хүүхдийн эрх, хамгааллын 2022, 2023, 2024 оны тоон
үзүүлэлтүүдийг нэгтгэж гаргах ажлыг хийж эхэлсэн байна. Цаашид дээрх байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд жил бүрийн нэгдүгээр улиралд тухайн оны “Завханы хүүхдүүд" нэртэй хүүхдийн эрх, хамгааллын статистик
эмхэтгэлийг хэвлэн гаргахаар боллоо.
Завханы хүүхдүүд эмхэтгэл нь олон нийт болон бусад мэргэжлийн байгууллагуудад зориулан хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах олон талын үйл ажиллагаанд нь бодит баримт судалгаа болох юм.
Албан ёсны статистик мэдээлэл нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны аливаа өөрчлөлт, үйл явцын шалтгаан, мөн чанарыг бодитой үнэлж, тухайн улс орны хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжилтийн явцыг хянаж, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад баталгаатай эх үүсвэр болдог.
Тиймээс "Завханы хүүхдүүд" эмхэтгэл нь бодлого боловсруулагч, бусад оролцогч талын статистикийн мэдээлэл ашиглах чадавхыг сайжруулах. Статистикийн мэдээллийг олон нийтэд танилцуулан сурталчлах ажлыг өргөжүүлж, мэдээллийг ашиглах хэрэглээг улам бүр нэмэх онцлогтой юм гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.