ЗАВХАН: Буддын үнэт зүйлсийг шинжлэх ухааны талаас нь таниулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН 
                                                                    Улиастай, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймагт VI Дилов хутагт Данзанламэдийн "Бие сэтгэлийн боловсрол", "Түүх, өв соёлоо хадгалан хамгаалах нь" сэдэвт олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй лекцүүд болж байна.
Үүний нэг нь аймгийн Боловсролын газарт болсон “Эгэл атом дахь уудам орчлон" номын хэлэлцүүлэг юм.
Энэ хэлэлцүүлгээр дээрх номын агуулга, ач холбогдлын талаар хэлэлцэн ярилцаж, Дилов хутагт Данзанламэд номын түүх, агуулгын талаар тайлбарлан таниулжээ. Мөн энэ бүтээлийг монголчууддаа зориулан хүргэж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд буддын үнэт зүйлсийг дан ганц шашны талаас нь бус, шинжлэх ухааны талаас нь илүү өргөн хүрээтэй таниулах ач тустай гэж Дилов хутагт Данзанламэд хэлэв.
Дээрхийн гэгээн Далай ламын туурвисан “Эгэл атом дахь уудам орчлон-дэлхий нийтийн төлөөх шинжлэх ухаан ба шашин" хэмээх номыг Дилав хутагт Данзанламэд н.Чулуунбаатарын гэр бүлийн дэмжлэгээр хэвлэжээ. Өөрөөр хэлбэл далай багшийн түмэн өлзий гийсний 90 насны ойд болон түүний амьдрал, үйл хэргийг талархан тэмдэглэх "Энэрэл нигүүлслийн жил"-ийн хүрээнд монголчуудад зориулан эх хэлнээ орчуулж хэвлүүлсэн байна. 
Дээрхийн гэгээн эл номдоо буддизм хийгээд квант физик, сансар судлал, сэтгэл ухамсар судлал зэрэг шинжлэх ухааны салбар хоорондын нийтлэг талуудыг өргөн хүрээнд авч үзжээ.
Энэ оны 7-р сарын 6-нд дэлхийн оюун санааны удирдагч, Нобелийн шагналт Далай багш 90 насыг зооглосон байна. Энэ хүрээнд 2026 оны 7-р сарын 6-ны өдөр хүртэл “Энэрэл нигүүсэл"-ийн жил болгон зарласан. Оюуны хөрөнгө оруулалт, хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг манай сангаас явуулахаар төлөвлөсөн тухайгаа Дилов хутагт оролцогчдод дуулгалаа хэмээн Завхан аймгийн Боловсролын газраас нэмж мэдээлэв. 

 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    