ЗАВХАН: Халиун буга сүүлийн 9 жилд 504 бодгалиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-31 16:38:57

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Завхан аймагт нэн ховор амьтан болох халиун буга ажиглалт судалгаагаар тоо толгой нь нэмэгджээ.

2023 онд 20 ажиглалтаар 733 бодгаль тэмдэглэгдсэн байна. Хамгийн сүүлд хийсэн ажиглалтаар дайр 280, согоо 460 тэмдэглэгджээ.


Халиун бугын хүйсийн харьцаа 1:2 байгаа нь сүргийн бүтэц тогтвортой байгааг харуулж байна. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газарт замналын судалгааны арга зүйгээр 48 ажиглалтаар 807 бодгалийг бүртгэсэн байна. Халиун бугын тоо толгойг сүүлийн 9 жилээр авч үзвэл жилд дунджаар 56,5 буюу ойролцоогоор 66 бодгалиар нэмэгдэж байна. Судалгааны дүнгээс харахад сүүлийн 9 жилд 504 бодгалиар өссөн дүнтэй байна.


Халиун буга нь Отгонтэнгэрийн дархан цаазтай газрын Хөх нуур, Даян уул, Рашаан голын урд талын ойтой нутгуудаар тархацтaй. Өвөл, хaврыг нам дор ой бүхий газраар өнгөрөөж, зуны цагт өндөр уул, тагийн хэсгүүдэд гарч байршдаг. Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын Алдархаан, Идэр сумын хэсгүүдэд халиун бугын гол нөөц тархан байршдаг. Алдархаан сумын Богдын гол багийн нутаг Хавчиг даваа, Цагаан нуурын эхний нуруудын ойтой газар, Умгарын эх Рашаан голын хойт нуруу, Зүрх уулын орчмын өндөрлөг газраар тархан байршиж байна.


Эдгээр газруудын хооронд жилийн дөрвөн улиралд шилжилт хөдөлгөөн явагдаж байдаг. Мөн хамгаалалттай биш газрууд болох Тээл, Мараат, Цагаан хайрхан нуруудаас гүйдлийн буга, согоо гарч байнгын хөдөлгөөнд байдаг. 


Сүүлийн жилүүдэд хүний хүчин зүйл болон байгаль цаг уурын өөрчлөлт ган, зудаас болж, уулсын дагуу шилжилт хөдөлгөөн байнга явагдаж байдаг. Мөн халиун бугын идээшил нутгийг малын бэлчээр шахаж, шилжин хөдлөх гол шалтгаан болж байна гэж Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.

Связанные новости