ЗАВХАН: Сантмаргаз сумаас 3 сурагч улсын уралдаанд оролцох эрхээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-22 17:45:47

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг, үсгийн баярын хүрээнд зохион байгуулсан “Монгол бичгийн тэргүүний уншигч” шалгаруулах улсын XIX уралдааны хоёрдугаар шат Завхан аймгийн Төв номын санд амжилттай болжээ.


Монгол үндэсний бичиг, соёл, түүх, уламжлалаа хойч үедээ өвлүүлэх, монгол үндэсний хэл бичгээ сурч эзэмших хүсэл эрмэлзлийг бадраах, хөхиүлэн дэмжих зорилготой уралдаанд Завханы 24 сумын 120 сурагч оролцсон байна.   


Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах улсын уралдааны хоёрдугаар шатны 6-8 дугаар ангийн ангилалд 50 сурагч, 8-9 дүгээр ангийн ангилалд 34, 10-12 дугаар ангийн ангилалд 36 сурагч оролцож үндэсний бичгээрээ зөв, түргэн уншиж оюун билгээ сорилоо.  


6-8 дугаар ангийн ангилалд тэргүүн байрыг Ургамал сумын ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч А.Очмаа, дэд байрыг Сантмаргаз сумын ерөнхий боловсролын сургуулийн 6а ангийн сурагч Х.Лхагважаргал, гутгаар байрыг Улиастай сумын ерөнхий боловсролын IV сургуулийн 7б ангийн сурагч Б.Батцэнгэл нар тус тус эзэлжээ.


Энэ ангийн ангиллын тусгай байрыг Сонгино сумын ерөнхий боловсролын сургуулийн 7б ангийн сурагч Т.Жавзандулам, Цагаанчулуут сумын ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Энхтуяа нар эзэлсэн байна.


8-9 дүгээр ангийн ангилалд тэргүүн байрыг Сантмаргаз сумын ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч Б.Энэрэлбилгүүн, дэд байрыг Улиастай сумын Чандмань эрдэнэ сургуулийн 8б ангийн сурагч Б.Уранхолбоо, гутгаар байрыг Сонгино сумын ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч Х.Азжаргал, тусгай байрыг Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын II сургуулийн 9а ангийн сурагч Б.Энхтуяа, Яруу сумын ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч А.Энхтуул нар тус тус эзэлжээ.


Улсын уралдааны хоёрдугаар шатны 10-12 дугаар ангийн ангилалд тэргүүн байрыг Сантмаргаз сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Б.Саранцэцэг, дэд байрыг Сонгино сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч П.Оюунгэрэл, гутгаар байрыг Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын II сургуулийн 12г ангийн сурагч Б.Тунгалагтамир, тусгай байрыг Сантмаргаз сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Б.Бямбасүрэн, Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 10б ангийн сурагч И.Энхнаран нар тус тус эзэлж шагналын эзэд боллоо.


“Монгол бичгийн тэргүүний уншигч” шалгаруулах улсын уралдааны хоёрдугаар шатанд амжилттай оролцож, ангилал тус бүрээс эхний гурван байрт шалгарсан суралцагчид гуравдугаар шатны улсын уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнууллаа гэж Б.Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн Төв номын сангаас мэдээлэв.


Ташрамд, үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд тус номын сангаас үндэсний өв соёл бичиг үсгийн түүх, уламжлалыг сурталчлах, номын сангийн сан хөмрөгт буй монгол бичиг дээрх номуудыг төв болон салбар номын сангийн хэмжээнд нээн харуулах зорилготой үзэсгэлэн, уулзалт, сургалт, ярилцлага гээд олон талын үйл ажиллагааг зохион байгуулдаг ажээ.

Энэ удаад үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын улсын уралдааны хоёрдугаар шатыг амжилттай зохион байгуулсан байна. 

“Монгол бичгийн тэргүүний уншигч” шалгаруулах улсын XIX уралдааны хоёрдугаар шат 

Завхан аймгийн Төв номын санд болов

Связанные новости