СЭЛЭНГЭ: Зэвсэгт хүчний ангиудад Сэлэнгэ аймгийн нэрэмжит төгөл байгуулна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-23 11:36:18

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яамнаас 2025 оныг "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас аймгийн Батлан хамгаалах газрын томилгоот бүрэлдэхүүний өргөтгөсөн сургалтыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

 

Сургалтад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нараар ахлуулсан аймгийн Батлан хамгаалах газрын томилгоот бүрэлдэхүүн болон сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга болон Тосгоны захирагч нар хамрагдсан байна.

 

Сургалтыг Зэвсэгт хүчний 311, 119 дүгээр ангиудын байнгын байрлал материаллаг баазыг түшиглэн онол, дадлага хосолсон хэлбэрээр явууллаа.

 

Сургагч багшаар Батлан хамгаалах яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболдоор ахлуулсан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Дүнжингарав нар ажиллаж, оролцсон бүрэлдэхүүнд мэдлэг олголоо.

 

Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн удирдлагууд 2024 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан тус ангиудад алба хааж буй дайчдын албаны үйл ажиллагаатай танилцсан байна.

 

Мөн хугацаат цэргийн алба хаагчдад амжилт хүсч, тэдний сургалтад шаардлагатай таблетийг анги тус бүрд 2 ширхгийг хүлээлгэн өгчээ.

 

Түүнчлэн сургалтад оролцогчид тус ангиудын байнгын байрлалд Сэлэнгэ аймгийн нэрэмжит төгөл байгуулан эхний ээлжийн модыг тарьснаас гадна ангийн бие бүрэлдэхүүн цаашид үргэлжлүүлэн тарих 5 төрлийн 400 гаруй модны суулгацыг хүлээлгэж өгсөн байна.

 

Сургалтын явцад хуулийн хүрээнд батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд маш хэрэгтэй мэдлэг, мэдээллийг онол, дадлага хослуулан өгсөн нь маш үр дүнтэй, ач холбоголтой юм.

 

Мөн тус сургалт нь зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг түшиглэн анх удаа болсноороо онцлогтой юм.