ЗАВХАН: Улсдаа хамгийн олон генерал цолтонтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-04-28 17:45:37

Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдөстэй генералууддаа хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай. 


БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 цэргийн зүтгэлтэнд генерал цол олгож байжээ.


Завхан аймаг улсдаа хамгийн олон генерал цолтонтой. Хамгийн сүүлд тус аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хошууч генерал цол хүртжээ.


Завхан аймгаас эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах. Хилийн халдашгүй дархан байдал, энх цагийн бүтээн байгуулалт, ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө мэдлэг чадвар, авьяас билиг, ажил амьдралын арвин их туршлагаа эгнэгт зориулан зүтгэж ирсэн 20 гаруй генерал төрсөн.


Тиймээс тус аймгаас төрөн гарсан Монгол Улсын генералуудын алдар гавьяаг мөнхжүүлэн ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бий болгох зорилгоор аймгийн Цэргийн штабаас санаачлан “Нутгийн генералууд” хүндэтгэлийн талбайг шинэчлэн засварлаж 2021 онд нээсэн юм.


Улиастайн төвд байрших Генералуудын талбай нь өнөөдөр эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө ухамсарт амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм генералуудаараа бахархах, хүндэтгэн дуурайх, дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий самбартай.


Улиастай хотын өнгө үзэмжийг сайжруулаад зогсохгүй Зэвсэгт хүчний түүхэн ой, “Монгол цэргийн өдөр”, “Генералуудын өдөр” зэрэг түүхэн ой, тэмдэглэлт баяр, хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдсан дайчдыг үдэн гаргах, цэргийн албаа нэр төртэй хааж ирсэн цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг гол талбай юм.


Түүнчлэн гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг болох, олон нийт, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бий болгосон зэрэг олон талын ач холбогдолтой олны талбай болсон нь сайшаалтай. Жил бүрийн генералуудын өдрөөр эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө тангараг өргөж, хошуучлан зүтгэсэн эх орны эрэлхэг хөвгүүдээрээ бахархах. Тэднийг хүндлэн дээдлэх, тэдний дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх зорилготой хүүхэд, залуучуудад зориулсан сургалт мэдээлэл, нөлөөллийн ажлыг тогтмол хийдэг гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв. 


Ташрамд, Монгол Улсад анхны генерал цолыг олгож эхэлснээс хойш маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал, хошууч генерал, бригадын генерал гэсэн цолыг нийт 224 эрхэмд олгожээ.


Генералуудын талбайн нээлтийн үеэр 2021 он

Связанные новости