ГОВЬ-АЛТАЙ: Есөнбулаг суманд 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2025-05-13 12:21:48

Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 100000 мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна. 


Алтай сумын төв зам дагуу 2034 м.кв газарт мод тарих 2 эгнээ шуудууг 62 аж ахуйн нэгж, албан байгууллагын 1260 гаруй албан хаагч хамтран бэлтгэж байна.

    

Аймгийн хэмжээнд 2021-2023 онд 260 мянган мод тарьсан бөгөөд нийт тарьсан модны 80 хувь ургаж байгаа тухай БОАЖГ-аас танилцуулав.


Тодруулбал, Аймгийн хэмжээнд 2021 оноос хойш жимс жимсгэний модыг 70 мянга, хамгаалалтын ойн зурвас 120 мянга, төв суурин газарт 180 мянган ширхэг мод тарьжээ. 


Говь-Алтай аймгийн нийт газар нутгийн 79,5 хувь нь цөлжөөд байгаа бөгөөд цөлжилтөд Хөхморьт, Баян-Уул, Хариун, Шарга сум хамгийн ихээр өртөөд байгаа тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас танилцуулсан. Тэгвэл цөлжилтийг сааруулах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд Говь-Алтай аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 108 сая мод тарих ажлыг өрнүүлж байгаа юм. Тус аймгийн тухайд нийт нутаг дэвсгэрийн 10 гаруй хувь нь ойтой гэж үздэг. Тухайлбал, таван сум шинэсэн ойтой бол 11 сум заган ойтой.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 онд говьд ургадаг шинэс, заган ойг үржүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. 2024 онд нэмж тариалалт хийлгүйгээр нөхөн сэргээж, арчилгааг илүүтэй анхаарч 8000 модыг нөхөн тарьсан байна. 


Мөн түүнчлэн өнгөрсөн жилийн бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд хаврын тариалалтын тухайд Есөнбулаг сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж албан байгууллага шинээр болон нөхөн тарилт хийхээр 24 га талбайд 7100 ширхэг улиас, хайлаас зэрэг хоёр төрлийн мод тарьжээ.


Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриаллаа.