ЗАВХАН: ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улстай салбар бүрд хамтран ажиллана

ФОТО МЭДЭЭ
myagmarsuren@montsame.mn
2025-05-30 10:36:29

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл суманд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын өдрүүд болж салбар бүрд хамтран ажиллахаар болов. Тува Улсаас Завхан аймагт 140 гаруй бизнес эрхлэгч, албаны төлөөлөл ирсэн байна. 


Үйл ажиллагааны хүрээнд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Монгол Улсаас ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотод суугаа консул Л.Энхболд, Тува Улсын албаны удирдлагуудын уулзалт боллоо.


Уулзалтад Бүгд Найрамдах Тува Улсын соёлын дэд сайд Бижик Айлана Алексеевна тэргүүтэй төрийн алба, хувийн хэвшлийнхэн оролцов. Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр төлөөлөгчдийг Завхан аймагт хүрэлцэн ирсэнд талархаад, Бүгд Найрамдах Тува Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр төлөвлөж, гүйцэтгэж буй ажлуудаа танилцуулсан юм.


Бүгд Найрамдах Тува Улсын талаас удаа дараагийн уулзалтууд дээр яригдсан аялал жуулчлал хөгжүүлэх, махны хамтарсан үйлдвэрлэл эрхлэх, бизнесийн түншлэлээ нэмэгдүүлэхээр болов. Мөн Цагаан толгой боомтыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа дуулгаад, Завхан аймаг Арц суурь хилийн боомт хүртэлх 159,5 км хатуу хучилттай авто замын төсөл эхэлсэн нь олон боломжийг нээж байна. Цаашид олон жил яригдсан хамтын ажиллагааг үр дүнтэй ажил хэрэг болгох эхлэл тавигдаж буйд талархаж байгаагаа илэрхийлэв.


Завхан аймаг ОХУ-аас шатахуун хилээр гаргах боомтуудын жагсаалтад Арц суурь боомтыг оруулах асуудлыг дээд шатны байгууллагууддаа хүргүүлсэн, нааштай хариу хүлээж буйгаа дуулгав. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Завхан аймаг хоёр  Арц суурь, Цагаан толгой боомтоор шатахуун нийлүүлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн солилцох, ялангуяа хоёр улсын жижиг дунд үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүнийг нийлүүлэх, сурталчлах. Хөдөө аж ахуй, боловсрол, соёл урлаг, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар боллоо гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тува улсын өдрүүдийн хүрээнд B2B бизнес эрхлэгчдийн уулзалтад 70 орчим бизнес эрхлэгч оролцлоо.


Тува улсын өдрүүдийн хүрээнд Улиастай, Тосонцэнгэл сумуудад 1941-1945 оны аугаа эх орны дайны

ялалтын 80 жилийн ойд зориулсан гэрэл зураг, номын үзэсгэлэнг олон нийтэд зориулан нээжээ.


Бүгд найрамдах Тува Улсын дээд хурлын төлөөлөгчдөд зориулан Завхан аймгийн Төрийн архивын тасагт хадгалагддаг хосгүй үнэт өв, түүхэн гэрэл зургууд, ИТХ-ын түүхэн хөгжлийг илэрхийлэх гэрэл зургуудын үзэсгэлэнг дэлгэж Завхан аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар тайлбарлан танилцуулав.


Тува улс, Завхан аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа боллоо.

Энэ үеэр оросын уламжлалт талх эрэлт ихтэй байв.


Тува улс, Завхан аймгийн сурын харвааны нөхөрсөг тэмцээн, бөхийн барилдаан болов.


М.В.Халиловын нэрэмжит Тува Улсын филармони, В.Токагийн нэрэмжит симфони найрал хөгжим, Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн хамтарсан "Ахан дүүсийн их найрамдал" тоглолт болов.


Тува Улсын 1 дүгээр эмнэлгийн ерөнхий эмч, мэс засалч Ховалыг Болат Комбуржаповичоор ахлуулсан эмч нар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн зарим тасгуудад ажиллаж, өвчтөнд хамтарсан онош тавьж, туршлага солилцлоо.

Тува Улс Завхан аймагтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар болов.