ӨМНӨГОВЬ: "Гайхамшигт ханан хэц" говийн бүсийн харвуул наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-16 17:16:01

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. "Гайхамшигт ханан хэц" говийн бүсийн харвуул наадмыг зургаадугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

 

Тус наадмыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багт орших аймгийн есөн гайхамшгийн нэг Хүрэн ханын хэц хэмээх газрыг сонгон зохион байгуулснаар олон нийтэд тус газрыг сурталчлан таниулах, хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний сур харвааг хөгжүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, өв уламжлалыг сурталчлах, залуу үеийнхэнд өвлүүлэх, сурын харвааны үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой юм.

 

"Гайхамшигт ханан хэц" говийн бүсийн харвуул тэмцээнд 500 орчим харваач цэц мэргэнээ сорьж, Монгол Улсын Дархан мэргэн, даяар дуурсах мэргэн, даян мэргэн, улсын мэргэн, хүндэт мэргэн, гарамгай харваач зэрэг цолтой харваачид  оролцжээ.


 

Говийн бүсийн чуулга харваа хоёр өдөр үргэлжилж эрэгтэй харвааны тэргүүн байрт Монгол Улсын даяар дуурсагдах улсын мэргэн Л.Отгонбаяр, дэд байрт аймгийн тод харваач, спортын мастер С.Анхмандах, гутгаар байрт аймгийн гарамгай харваач, спортын мастер Д.Мөнхбаатар, тусгай байрт Монгол Улсын даян мэргэн Д. Дэмбэрэлсайхан, Монгол Улсын онч харваач Б.Хатансайхан нар тодорлоо.

 

Харин эмэгтэй харвааны тэргүүн байрт аймгийн мэргэн, спортын мастер Ж.Нарантуяа, дэд байрт Монгол Улсын онч харваач Б.Сүрэнжаргал, гутгаар Монгол Улсын даян мэргэн Ө.Хатанболор, тусгай байрт аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэцэг, Монгол улсын даяр дурсагдах улсын мэргэн Б.Пунсалдулам нар тус тус эзэллээ.


 

Говийн бүсийн чуулга харвааг байгалийн үзэсгэлэнт газар болон үндэсний сур харвааг сурталчлан таниулах, говийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон талын үйл ажиллагааг хамтатган зохион байгуулснаараа онцлог боллоо.

 

Связанные новости