СҮХБААТАР: Ойгоо угтаж ОНХС-гаар 26 төрлийн ажил хийхээр төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-23 16:28:37

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дарьганга сум түүхт 100 жилийн ойгоо угтаж ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 26 ажил хийхээр төлөвлөж, зургаан тендер зарлахаас тавыг нь хуулийн хугацаанд зарлаж чадсан байна.

 

Сумын төвийн хашлага хамгаалалтын ажлыг 90,7 сая төгрөгийн санхүүжилтээр хийж, сумын төв рүү орж гардаг 4-5 гарцтай болсон байна. Цахилгааны шугамын өргөтгөл, Дарьганга сумаас тодорсон хурдан хүлгүүдийн хөшөөг босгох зэрэг ажлуудыг мөн төлөвлөсний дагуу гүйцэтгэж байна.

 

Мөн ОНХС-гийн 125, иргэдийн оролцооны 25 сая төгрөгийн санхүүжилтээр сумын төвийн ундны усны ойр орчимд байрлах 50 айлд эко бие засах газар, нийтийн эзэмшлийн 1 эко бие засах газар байршуулж байна.


Сумын төвийн гэрэлтүүлэг, гэрлэн хаягжуулалтын засвар үйлчилгээнд 203,7 сая төгрөг, айл өрхийн хаягжуулалтыг шинэчлэх, нэмэгдүүлэх ажилд 10 сая төгрөг төсөвлөжээ.


 

Аймгийн Засаг дарга М.Идэрбат тэгш ойтой сумдад ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаа. Тэрбээр Дарьганга суманд ажиллаж, холбогдох үүрэг чиглэлийг өгч байна. Суманд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь бүрэн дуусгаж, цэвэрлэгээ үйлчилгээнд онцгой анхаарах, гэр хороолол болон нийтийн эзэмшлийн зам талбай, хашаа гудамжийг цэгцлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гадна үзэмж, өнгө төрхөө сэргээх, нийтийн цэвэрлэгээ үйлчилгээнд иргэдийг татан оролцуулах шаардлагатайг хэллээ. Хамгийн гол нь цэвэр цэгцтэй орчныг бүрдүүлж, ойн баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, хөтөлбөрт үйл ажиллагааг тогтсон цагийн дагуу явуулахад анхаарахыг захилаа. 

Связанные новости