Завханы хүүхдүүд байгалийн ухааны хичээлүүдэд илүү амжилт үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-24 15:39:13

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил элсэлтийн шалгалтад амжилттай оролцож, 800 оноо авсан сурагчдынхаа эхний жилийн сургалтын төлбөрийг нь бүрэн төлөхөөр болжээ.


Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр элсэлтийн шалгалтын талаар дүн шинжилгээ хийж цаашид хэрхэн яаж анхаарах талаараа мэдээлэл өглөө. Тэрбээр энэ жил элсэлтийн шалгалтад 800 оноо авсан хоёр сурагч, багш нарт урамшуулал өгнө гэлээ.


Тухайлбал, Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12б ангийн сурагч Д.Оюунсайхан түүхийн хичээлээр 800 оноо авсан байна. Түүнийг бэлтгэсэн багш Н.Ишинхорол. Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Б.Билгүүнзаяа нийгмийн хичээлээр 800 оноо авсан, түүнийг бэлтгэсэн багш Р.Дэлгэрсайхан юм. Элсэлтийн шалгалтдаа амжилттай оролцсон дээрх хоёр оюутны эхний жилийн сургалтын төлбөрийг Завхан аймаг бүрэн төлнө. Мөн бэлтгэсэн багш нарыгорон сууцны хөтөлбөрт хамруулахаар болсон тухайгаа мэдээлэв.   


“Энэ жил Завхан аймаг элсэлтийн шалгалтаар 7-р байрт эрэмбэлэгдлээ. Тус аймгийн хүүхдүүд өнгөрсөн жил элсэлтийн шалгалтын оноогоор зургаадугаарт эрэмбэлэгдэж байсан. Өнгөрсөн жилийн хүүхдүүдийн хэмжээст онооны дундаж 507.6 байсан бол энэ жилийнх 508.3 болж нэмэгдсэн.


Гэвч нэг байр ухрав. Хүүхдүүдийн сурлагын чанар сайжирч байгаа үзүүлэлт юм.

Энэ жилийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нийгмийн ухаан, газар зүй, физик, хими, биологи, Монголын түүх хичээлүүдээр илүү оноо авав. Математик, англи хэлний хичээлээр өнгөрсөн жилийнхээ байрыг хадгалав. Харин орос хэл, монгол хэл хичээлээр өнгөрсөн жилийнхээ амжилтыг хадгалсангүй. Хэрэв орос хэл, монгол хэл хоёр хичээлээр өнгөрсөн жилийнхээ амжилтыг хадгалсан тохиолдолд Завханы хүүхдүүд энэ жил эхний 3-р байрт багтах боломж байлаа.


Энэ жил байгалийн ухааны хичээлүүд, англи хэлний хичээлүүдээр зөвлөх үйлчилгээ сайн авсан. Үр дүнгээ өглөө.


Харин монгол хэл, орос хэл, монголын түүх гэх мэт хичээлүүдийг орхигдуулсан нь алдаа болов. Монгол хэл, орос хэл хичээлүүдээр муу оноо авсан нь аймгийн хүүхдүүдийн ерөнхий үнэлгээнд нөлөөллөө. Тиймээс ирэх жилээс бүх хичээлүүдэд ижил ач холбогдол өгөх ёстой сургамжийг авлаа.


Энэ жилийн элсэлтийн шалгалтын онооны үзүүлэлтээр Завханы ахлах 24 сургуулийг эрэмбэлж үзлээ.  Улиастайн Дэвшил, Жавхлант, МУИС-ийн харьяа Завхан сургууль, 4-р сургууль, Цагаанчулуут сумын сургууль эхний таван байрт эрэмбэлэгдэж байна.


Цаашид цөөн суралцагчидтай ахлах сургуулийн асуудалд онцгой анхаарна. Цөөн суралцагчидтай сургуулиудын чанар анхаарал татаж байна. Энэ нь аймгийн хүүхдүүдийн үнэлгээнд нөлөөлж байна.

Хүүхдүүдээ олонхоор нь амжилт үзүүлсэн багш нарыг дэмжиж урамшуулна. Хүүхдүүд нь олонхоороо сул байгаа, амжилт нь муудаж байгаа сургуулиудын удирдлагуудтай хариуцлага тооцно. Завхан аймгийн элсэлтийн шалгалтын сүүлийн 10 жилийн дата-гаас харахад 2016 онд 6, 2018 онд 8, 2024 онд 6, 2025 онд 7-р байранд эрэмбэлэгдэж байна.


Бусад жилүүдэд хангалтгүй байж ирэв. Орос хэл зарим жил огцом өндөр, огцом уналттай тогтворгүй байна. Орос хэлний багш нартайгаа тусгайлан сууж дүгнэлт хийнэ. Эцэст нь дүгнэхэд энэ жил Завханы хүүхдүүд байгалийн ухааны хичээлүүдэд илүү амжилт үзүүлсэн байна. Элсэлтийн шалгалтын дүнг харахад, Завханы хүүхдүүд физик, биологи, хими, монголын түүх хичээлүүдийн хэмжээст онооны дунджаар сүүлийн 10 жил үзүүлээгүй өндөр амжилтыг үзүүлжээ. Хичээл зүтгэл гаргаж ажилласан Боловсролын газрын хамт олон, сургуулиудын удирдлага, захирал, менежер, багш, сурагчид, эцэг эхчүүддээ баяр хүргэе.


Ирэх намар ойрын жилүүдэд аймгийнхаа боловсролын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр, боловсролын сургалтын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөөг олон нийтэд танилцуулна. Ирэх жилүүдэд их амжилт гаргах болно. 1980 оны төгсгөлийн байрандаа Завхан аймаг эргэж очно” гэв.

Завхан аймгийн сургуулиудын эрэмбэ

Связанные новости