Хятадад хүүхэд асарсны тэтгэмж олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 29 /Xinhua/. Хятад улс гэр бүл болон төрөлтийг дэмжих өргөн хүрээний хүчин чармайлтын хүрээнд энэ оноос эхлэн хүүхэд асрах тэтгэмжийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсноо даваа гарагт танилцуулжээ.
Хөтөлбөрийн
хүрээнд 3 хүртэлх насны хүүхэд бүрд
жил бүр 3600 юанийг /ойролцоогоор 503 ам.доллар/ олгох юм. Энэхүү бодлого нь жил бүр 20 сая гаруй гэр бүлд үр өгөөжөө өгөх төлөвтэй
байна.
“Мөнгөн тэтгэмж нь төрөлтийг дэмжих арга хэмжээний салшгүй хэсэг гэдгийг олон улсын туршлага харуулж байна” гэж Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэргэдэх судалгааны төвийн судлаач Жан Бенбо хэлжээ. Хятадын Ардын их сургуулийн профессор Сүн Жянь хэлэхдээ, төрөлт буурч эхэлсэн даруйд хөгжингүй орнуудын ихэнх нь хүүхэд асрах тэтгэмжийн тогтолцоог нэвтрүүлсэн гэдгийг тэмдэглэсэн байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай орны нэг болох Хятад улс хүн ам зүйн давхар сорилттой тулгараад байгаа нь шинээр төрсөн хүүхдийн тоо буурч, хүн ам хурдацтай хөгширч буйтай холбоотой юм. Төрөлтийн түвшин болон шинээр төрсөн хүүхдүүдийн тоо долоон жил дараалан буурсны эцэст 2024 онд бага зэрэг өсжээ. Үүний зэрэгцээ, Хятадын 60 ба түүнээс дээш насны хүн ам өнгөрсөн оны эцсээр 310 саяд хүрсэн байна.
Энэхүү давхар сорилт тулгарсан тул Хятад улс сүүлийн 10
жилийн хугацаанд гэр бүл төлөвлөлтийн бодлогоо тасралтгүй зөөлрүүлж байна. Тухайлбал, 2016 онд хоёр
хүүхэдтэй болохыг зөвшөөрснөөр нэг хүүхдийн бодлогоо үе шаттайгаар зогсоож,
2021 онд гурав дахь хүүхдээ төрүүлэх хүсэлтэй хосуудад дэмжлэг үзүүлэхээ
зарласан билээ.
Мөн хүүхэд
харах үйлчилгээний үндэсний хөнгөлөлтийг энэ оны гуравдугаар сард Засгийн
газрын ажлын тайланд анх оруулжээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд орон нутгийн олон засаг захиргаа ижил
төстэй хөтөлбөрүүдийг туршсан бөгөөд ихээхэн өгөөмөр урамшууллыг санал болгосон байна.
Хятадын хойд
нутгийн ӨМӨЗО-ны нийслэл Хөх
хотод айл бүрийн анхны хүүхдэд нэг удаа 10 мянган юанийн тэтгэмж олгодог. Харин хоёр дахь хүүхэд таван нас хүртлээ жил бүр 10 мянган
юанийн тэтгэмж авдаг бол дараагийн хүүхэд 10 нас хүртлээ жил бүр мөн хэмжээний тэтгэмж
авна.
Хятадын зүүн
хойд нутгийн Ляонин мужийн нийслэл Шэньян хотод гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан орон нутгийн гэр бүлд
хүүхдийг нь гурван нас хүртэл
нь сар бүр 500 юанийн тэтгэмж олгодог байна. Үүний зэрэгцээ, Хятадын төв нутгийн Хубэй мужийн Тяньмэнь хотын хэмжээнд 2024 онд шинээр төрсөн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 17
хувиар нэмэгдсэнээр улсын
дундаж болох 5.8 хувиас ихээхэн давж, найман жилийн
бууралт дуусгавар болжээ. Өнгөрсөн онд Тяньмэньд шинээр төрсөн 7217 хүүхдийн талаас илүү хувь нь хоёр, гурав дахь
хүүхдүүд байжээ.
Макро эдийн засгийн судалгааны академийн судлаач Ян Иён
хэлэхдээ, сүүлийн үед хэрэгжүүлж буй
хүүхэд төрүүлэхийг дэмжсэн бодлого нь эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байгаа бөгөөд эмэгтэйчүүдэд илүү таатай
ажлын орчин, илүү сайн ажлын байр бий болсон нь гэр бүл төлөвлөлтийг сайжруулахад тусалсан гэв.
Хятадын төв засгийн газраас өнгөрсөн баасан гарагт мөн орон нутгийн засаг захиргаадад сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй болгох талаар нарийвчилсан төлөвлөгөө
гаргахыг шаардсан чиглэл өгчээ. Засгийн газар мөн гурав хүртэлх насны
хүүхдүүдийн асрамжийн үйлчилгээг сайжруулж, ажил хөдөлмөр эрхэлж буй эцэг
эхчүүдэд тулгарах дарамтыг
арилгах, бага насны хүүхдийн хөгжлийг сайжруулахыг зорьж байна.