Хурд хэтрүүлсэн Туркийн сайдыг 235 доллароор торгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АНКАРА, 2025 оны наймдугаар сарын 27 /Kazinform/. Замын хөдөлгөөний дүрмийг ноцтойгоор зөрчсөн Туркийн Тээвэр, дэд бүтцийн сайд Абдулкадир Уралоглу олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртжээ.
Анкара-Нигде чиглэлийн
хурдны замаар 225 км/цагийн хурдтай давхиж яваагаа харуулсан дүрс бичлэгийг тэрбээр Х нийгмийн
сүлжээний хуудсандаа байрлуулсан бөгөөд хурдны хязгаарыг хоёр дахин хэтрүүлсэн
түүнд 9267 лир буюу 235 долларын торгууль оноосон байна.
Сайд тэр даруй мэдэгдэл хийж, өөрийн бурууг хүлээсний сацуу санаатайгаар зөрчил гаргаагүй гэдгээ хэлсэн байна. “Би Анкара-Нигдегийн хурдны замын нөхцөл байдлыг өөрийн биеэр шалгахын тулд би хэсэгхэн мөчид хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн, гэхдээ дүрс бичлэг нийтэлж, зөрчлөө өөрөө ил болгосон. Замын цагдаагийн газар торгуулийн арга хэмжээ авсан, цаашдаа анхааралтай байх болно” гэж сайд бичжээ.
Анкара-Нигдегийн хурдны зам бол Туркийн өмнөд бүс нутгийг нийслэлтэй холбодог гол замуудын нэг бөгөөд түүгээр зорчих хурдны дээд хязгаар нь 120 км/цаг юм. Тэгэхээр сайдын үйлдэл бол маш ноцтой зөрчил мөн.
Ийм учраас “иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой” гэдэг зарчмын үүднээс Туркийн нийгэм даяар сайдын гаргасан зөрчлийг идэвхтэй хэлэлцэж байна. Сайд буруугаа хүлээж, торгуулсан нь эерэг хандлага гэж нийгмийн сүлжээний зарим хэрэглэгч үзэж байгаа бол зарим нь “өндөр тушаал хашдаг хүн авто зам дээр аюултай үйлдэл хийсэнд” санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Туркэд замын хөдөлгөөний нөхцөл байдал сайнгүй байгаа бөгөөд 2024 оны эхний
есөн сарын байдлаар 518 мянган осол гарсны улмаас 226 мянган хүн амиа алдсан
эсвэл хүнд гэмтсэн байна. Мөн 2023 онд 1,3 сая удаагийн зам тээврийн осол гарч, өдөрт дунджаар 18 хүн амиа алджээ. Үүний гол шалтгаан /88,9 хувь/ нь хурд
хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй зорчих, замын хөдөлгөөний дүрмийг үл тоомсорлох
зэргээр жолооч нарын гаргаж буй үйлдлүүд юм.