Цахим инженерүүд Монгол хүний эрүүл мэндийн төлөө нэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДОном сангийн санаачилсан Монголын эрүүл мэндийн мэдээлэл, технологийн холбоо /МИТАМ /-нд 21 компани нэгдлээ.
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-нд “Интерактив би ай” ХХК, “Аксис системс” ХХК, “Аметрос солюшнс” ХХК, “Буман ай ти” ХХК зэрэг 21 компанийн төлөөлөл Централ Тауэр цамхагийн 4 давхрын хурлын танхимд цугларч МИТАМ-ын Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх удирдлагыг сонгох хурлыг зохион байгуулав.
Эрүүл мэндийн мэдээлэл, технологийн хөгжил дэвшлийн үр дүнд бид өнөөдөр шинжилгээнийхээ хариуг заавал өөрийн биеэр биш цахимаар хүлээн авдаг болсон. Харин үүнээс ч илүүг хийж чадах нөөц бололцоо монгол инженерүүдэд байгаа юм. Иймд Оном сангийн санаачилгаар 2016 оны 12 дугаар сарын 27-нд Монголын эрүүл мэндийн мэдээлэл, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрсдийн эрх ашгийг хамтран хамгаалахын зэрэгцээ иргэдийнхээ эрүүл энхийн төлөө нэгдэж МИТАМ-ыг байгуулж ажиллахаар болсон билээ.
МИТАМ-д нэгдэн орсон MONIT ХХК-ийн захирал Д.Батнасан “Монголдоо эрүүл мэндийн мэдээлэл, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 21 компани нэгдэж энэ салбартаа 21 модуль хэсгийг гардан хэрэгжүүлж, харилцан уялдаа холбоотой ажилласнаар бид улс үндэснийхээ энэ салбарт "Үндэсний" гэх тодотголтой нэгдсэн бодлого баримталж, хамтдаа хөгжихийн төлөө зорьж байна. Өнөөдөр бид нэгдмэл биш ажилласнаар гадаадын компанид ажил, үйлчилгээгээ алдаж, энэ чухал ажлыг гадныханд даалгаж ирсэн нь эцсийн дүндээ монгол хүний эрүүл мэндийн аливаа асуудлыг ямар ч нууцлалгүй болгоход хүргэж байна. Монголын эрүүл мэндийн салбарыг цахимжуулж, хүн амын эрүүл мэндийн мэдээллийн баазын нууцлалыг бий болгох нь бидний эн тэргүүний зорилт юм” хэмээн онцолж байв.
Тиймээ, энэ компаниуд өөрсдийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ эрдэнэт хүний амийг аврах буянт үйлсэд авьяас билэг, мэдлэг оюунаараа өглөг өгөх боломж нээгдэж, хамтдаа хүчээ нэгтгэн эрүүл мэндийн цахим системд хувь нэмрээ оруулах нь Ай Ти-гийн монгол инженер, мэргэжилтнүүдийн эрхэм үүрэг юм.
Д.Өлзий