Галзуу өвчнөөс сэрэмжлэхийг анхаарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДНийслэлийн Эрүүл мэндийн газраас өрх бүр тэжээвэр нохойгоо галзуу өвчний эсрэг вакцинд хамруулах, хашаандаа тогтмол уях, иргэд гудамж талбайгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.
Нийслэлийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохой ихсэх болсон нь ард иргэдийг галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг нэмэгдүүлжээ.
Он гарсаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн зургаан сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуугийн эрсдэлд өртсөн 22 тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө гурван нохой 200 гаруй тооны малд халдсан бөгөөд иргэд тухайн үхсэн малын арьсыг өвчиж эрсдэлд өртжээ.
Иймд галзуу өвчний сэжигтэй мал, амьтантай тааралдсан тохиолдолд Онцгой байдлын газрын 105, нийслэлийн Мал эмнэлгийн газрын 70141401, 70141403, 70141407, 7014140, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 70282853, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн 70210316, нийслэлийн Эрүүл мэндийн газрын 320981 утсанд хандаж болох аж.
Б.Туул