Эмчийн ёс зүй, харилцааг сайжруулах сарын аян үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД“Резидент эмч нарын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах нь” сарын аяныг 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн амжилттай зохион байгуулж байна.
Тус аяныг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг төгсөлтийн дараах сургалтад сурч буй эмч нарын харилцаа хандлагыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөний дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/-өөс хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ёс зүйн салбар хороо, Чанар хяналт үнэлгээ, дотоод аудитын алба, Нийгмийн эрүүл мэнд, сургалт эрдэм шинжилгээний алба, Резидент эмч нарын багтай хамтран суралцагч эмч нарын ёс зүй, ёс зүйн хэм хэмжээг баримтлах, ёс зүйн горимыг сахин мөрдөх, харилцаа хандлагыг төлөвшүүлэх зорилгоор хоёр чиглэлээр 10 гаруй ажил төлөвлөжээ.
Энэ ажлын хүрээнд Үндэсний төвийн дөрвөн алба, гурван тасаг нэгж Резидент эмч нарт үйл ажиллагаагаа танилцуулах, цаашид хамтран ажиллаж санал бодлоо солилцох чиглэлээр “Танилцуулах өдөрлөг”-ийг графикийн дагуу зохион байгуулсан байна.
Резидент эмч нарын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн горимын мэдлэгийг бататгах зорилгоор “АХА” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулахад эмч Б.Болысхан, Архангай аймгийн ЗӨСТөвийн суралцагч эмч Бямбасүрэн нар шилдэг оролцогчоор шалгарчээ. Мөн нэгдүгээр сарын 3-ны өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын резидэнт эмч нарын дунд болсон “АХА” тэмцээнд суралцагч эмч Б.Баттөр, н.Бямбасүрэн, Б.Болысхан нар 3 дугаар байр эзлэв.
Эмнэлгийн мэргэжилтэн өөр хоорондоо болон үйлчлүүлэгчтэй харилцах харилцаанд баримтлах зарчимтай холбоотой асуудлаар суралцагчдыг хоёр баг болгон сэдэв өгч, семинарын ажил бэлдүүлэн, кейсс тохиолдлоор хэлэлцүүлэг өрнүүлсэн нь дээрхи чиглэлээр шинэ мэдээ, мэдээлэл солилцож, хандлагаа өөрчлөхөд түлхэц болсон ач холбогдолтой ажил болов.
Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, сургалт явуулдаг багш нар ёс зүйн хэм хэмжээ, горимыг мөрдөн, харилцаа хандлагыг эрхэмлэн резидент эмч нарыг ямагт үлгэрлэн сургах, тэднээс байнга суралцаж төлөвших орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Талархал, урамшууллын өдөр”, “Уучлалын өдөр”-ийг зохион байгууллаа. Энэ өдрийг байгууллагын хамт олны эв нэгдэл, эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор долоо хоног бүр тогтмолжуулан ажиллаж байна.
Аяны хүрээнд ЭМХТ-өөс зохиох ажлын төлөвлөгөөгөөр салбарын ажилчдын нэр хүндийг өргөх, Эрүүл мэндийн сайдын 446 дугаар тушаалыг сурталчилах, эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор “Интерактив” хичээл бэлтгэн ЭМХТ-д хүргүүллээ.
Д.Өлзий