Түлэгдлийн үед анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэхэд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-08 11:16:31

ЭМЯ, Нийслэлийн Боловсролын газар,  Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, ГССҮТ НOБГ хамтран Осол гэмтлээс сэргийлэх “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт сургалтыг Нийслэлийн  харьяа  цэцэрлэгүүдийн  эрхлэгч, сургалтын арга зүйч  нарт зориулан зохион байгуулав.

Сургалтын нээлтэд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ, “Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. Осол гэмтэл тэр дундаа түлэгдэл нь хүний амь нас, эрүүл мэнд, амьдралын чанарт үзүүлж буй хор хохирол нь эрсдэлтэй, аюултай гэмтлийн нэг юм. Ялангуяа бага насны хүүхэд нь аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддаггүйгээс аливаа нэгэн аюулд илүүтэй өртөж нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох нь жилээс жилд нэмэгдэж байна.Тиймээс томчууд бид хараа хяналтаа сайжруулах нь чухал” гэдгийг онцлов.

Монгол Улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж, түлэгдлийн амбулаторийн бүртгэл, нас баралт болон хөгжлийн бэрхшээлтэй бологсдын тоо жилээс жилд буурахгүй, түлэгдлийн улмаас нас барах тохиолдол өндөр байна.  Тухайлбал, ГССҮТ-ийн 2016 оны тоо мэдээгээр 5 хүртэлх насны хүүхдийн дундах осол гэмтлийн улмаас нас баралт 10 хүүхэд тутмын 8 нь /78.8/ түлэгдлийн шалтгаантай байна.

Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие махбодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршийн сорви, хөгжлийн бэрхшээлтэй болж эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхгүй амьдралтай тэтгэмжийн иргэн болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв.

Энэхүү сургалтын үр дүнд хүн амын дунд бага насны хүүхдийн түлэгдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага дээшлэх , багш, эцэг, эх асран хамгаалагчдын түлэгдлийн үед үзүүлэх анхны тусламжийн чадвар сайжирна гэж үзэж байна.

Ж.Болор

 

 

Связанные новости