Эрүүл мэндийн салбарт найман гавьяат төрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-24 20:57:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХYII жарны улаагчин гал тахиа жилийн босгон дээр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.

Шагналыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон ЭМЯ-ны удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэв.

 “Хүний гавъяат эмч” цолоор Говь-Алтай аймгийн Халиун сумын эмнэлгийн их эмч С.Лхамжав, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, ЭМЯ-ны хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга С.Юндэн, Өмнөговь аймгийн Бүтэнжаргал эмнэлгийн эмч Д.Бум-Аюуш, Орхон аймгийн БОЭТ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч Д.Лхагваа, ХСҮТ-ийн зөвлөх эмч Б.Оюунбилэг, “Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан” цолоор Өргөө амаржих газрын Б.Ичинхорлоо, Монос группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар  нар тус тус энгэрээ мялаалаа.

Гавьяат цол тэмдэг хүртсэн хүмүүсийг Монгол Улсын ЭМЯ-ны хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж салбарын түүхэнд тэмдэглэн алдаршуулав.

Ж.Болор

Связанные новости